”Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт Монгол Улсын тээврийн долоо хоног-2023 Олон Улсын форумд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт" сэдвээр илтгэл танилцууллаа.
Орчин цагт тээвэр нь олон улсын харилцааны нэгэн чухал гүүр болж, тогтвортой хөгжье гэвэл тээвэр логистикоо хөгжүүлэх ёстой.
Монгол Улсын эдийн засаг оны эхний 9 сарын байдлаар эдийн засаг 6.7%-ийн өсөж, 2023 онд 11.3 тэрбум ам долларын экспорт хийгээд байна.
Үр дүнд зам, тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна. Зам, тээврийн салбарт 74%-ийн өсөлт гарлаа.
Тодруулбал, 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлээд байна. Үүнээс агаарын тээврийн олон улсын зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин, орон нутгийн зорчигч 27%-иар тус тус өссөн байна.
2023 оны ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, автотээвэр 2.3 дахин өссөн үзүүлэлт голлон нөлөөлж байна.
Сүүлийн арав гаруй жилийн дунджаар манай улс жилд 50 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ онд ачаа тээвэр хоёр дахин өсөж, түүхэндээ байгаагүй өндөр буюу 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Экспорт нэмэгдэж, тээврийн салбар өссөний үр дүнд гадаад валютын нөөц 4 тэрбум ам доллар боллоо.
Энэ бүх тоон үзүүлэлтүүд, өсөлт, тэлэлтийн ард зам тээвэр, логистикийн салбарын хувь нэмэр томоохон жин дарж байгаа нь маргашгүй үнэн.
Монгол Улс 2030 он гэхэд экспорт, импортын ачаа тээвэр, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх тээврийн нийт хэмжээг 300 орчим сая.тн болгож 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.
Бүс нутгийн улс орнуудын хөгжлийн ялгаатай түвшин, нөөц боломж, газарзүйн байршил, геополитикийн нөхцөл байдал, техник технологи, инновацийн харьцангуй байдал нь бидний өмнө тулгамдах томоохон сорилт болохоор байгаа хэдий ч энэ сорилтыг хамтын хүчээр даван туулж, бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт, оновчтой шийдлийг гаргаж, хамтран зүтгэхийг та бүхэнд уриалж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
| Монгол Улсын тогтвортой хөгжилд тээвэр логистикийн хөгжил хамгийн чухал | ||
| Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.