Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцох зорилгоор бүсчилсэн цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
ОБЕГ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн нэг байгууллага, нэг салбарын чиг үүрэг гэж үзэх боломжгүй.
Энэ нь төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хамтын оролцоо, уялдаа холбоонд тулгуурласан үндэсний хэмжээний бодлого, системийн асуудал юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд нь аймаг, орон нутагтаа гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийг манлайлан хэрэгжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн тогтвортой байдлыг хамгаалах өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн.
Улсын онцгой комисс нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажилладаг бол Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл нь гамшгийн өмнөх үе шатанд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэхэд төвлөрч ажилладаг онцлогтой. Иймд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулж, хөгжлийн бүх бодлого, төлөвлөлтөд энэ асуудлыг салшгүй хэсэг болгон тусгах шаардлагатай юм.” гэдгийг онцоллоо.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах засаглалыг бэхжүүлэх хүрээнд 2018 он Ерөнхий сайдын тэргүүлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга тэргүүлсэн орон нутгийн зөвлөлийг байгуулж, улс, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Хангайн бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ | ||
| Үзсэн: 46 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.