Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны томилолтын баг 2026 оны тавдугаар сарын 11–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, төслийн эхлэлийн уулзалтыг зохион байгуулж байна.
Уг төслийн удирдах хороог Нийслэлийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар байгуулж, 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар худалдан авах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Эхлэлийн уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Д.Амгалан, Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал, “Тусгай замын автобус /BRT/” төслийн захирал Т.Чинбат, Азийн Хөгжлийн банкны Тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Дей Кастелли, Тээврийн мэргэжилтэн Жихи Ким, Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Кашиф Жамал нар болон бусад албаны төлөөлөл оролцож байна.
Уулзалтаар төслийн хэрэгжилтийг үр дүнтэй эхлүүлэх, зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, инженерийн зураг төсөл, байгаль орчин ба нийгмийн хамгааллын шаардлага, зээлийн гэрээний хэрэгжилт, төслийн удирдлагын гарын авлага болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хянан баталгаажуулах асуудлыг хэлэлцэж байна.
| Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 10 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.