Шууд Chart

ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-05-12 15:19:43

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад, ирвэл зохих Улсын Их Хурлын 56 гишүүний 29 нь ирж 53.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдааныг Төсвийн Байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Баясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, А.Ундраа, Л.Энх-Амгалан, Р.Батболд, Х.Болормаа, Ч.Номин, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Н.Батсүмбэрэл, Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, Б.Уянга, М.Энхцэцэг, Ж.Батсуурь, Х.Булгантуяа, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Ц.Баатархүү, Ш.Бямбасүрэн, М.Мандхай, Р.Сэддорж, С.Цэнгүүн, Ж.Батжаргал нарын гишүүд ирсэн байв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  танилцуулав.

Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй, өндөр хэлбэлзэлтэй байж, тодорхойгүй байдал нэмэгдсээр байна.

Геополитикийн хурцадмал байдал түүхий эдийн үнийн хэлбэлзэл олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь манай улсын эдийн засаг, төсвийн орлогод нөлөөлж эхлээд байна. Ялангуяа гадаад зах зээл дэх үнийн өсөлт, нийлүүлэлтийн эрсдэл нь инфляц болон өрхийн хэрэглээний зардалд дарамт учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилтыг тэргүүн ээлжинд тавин ажиллаж байгааг Монгол Улсын Тэргүүн шадар сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бага орлоготой өрхүүдэд илүү өндөр хувьтай буцаан олголт олгох шаталсан тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан. Уг зохицуулалт нь иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой байсан хэдий ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлийг харгалзан үзэх шаардлага үүссэнийг дурдлаа.

Иймд Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсвийн тогтвортой байдлыг харгалзан нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. 

Ингэснээр төсвийн орлогын тогтвортой байдлыг хамгаалах, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, дунд хугацааны хөгжлийн санхүүжилтийн чадавхыг хадгалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх хугацаатай холбоотой хэт хатуу зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон нь бодлогын шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг хязгаарлаж байна. Иймд хугацааны хязгаарлалтаас төсвийн тодотголтой холбоотой зохицуулалтыг хасаж, эдийн засгийн бодит нөхцөлд нийцүүлэн төсвийн бодлогыг илүү уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгасан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдлаа.

Дээрх өөрчлөлтөөр эдийн засгийн гэнэтийн өөрчлөлтөд төсвийн бодлого шуурхай хариу үзүүлэх, орлого зарлагын тэнцвэрт байдалд үүссэн эрсдэлийг цаг тухайд нь зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Р.Батболд, Н.Алтанхуяг, Х.Болормаа, М.Мандхай, М.Энхцэцэг, Б.Заяабал, Г.Очирбат, Д.Пүрэвдаваа, Ж.Батсуурь, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Л.Гантөмөр, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсвийн төсөөлөлд Засгийн газрын 50-иас дээш хувийг эзэмшиж буй төрийн өмчийн компаниудын өрийг оруулж тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж буйг, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нэмэгтдсэн өртгийн албан татварын шатлалыг бууруулснаар хэдийн хэрийн төсөв хэмнэгдэхийг,  гурван сарын дотор төсвийн тодотгол  хийх боломжтой эсэхийг лавлаж байлаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд зөвхөн Засгийн газрын өрийн хэмжээ тусгагддаг хуулийн тусгай шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэмдэглээд төрийн өмчийн компаниудын  орлого, алдагдал, гадаад өр, зээлийн асуудал үүнд орохгүй хэмээв.

Мөн төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж буй нэмэгдсэн өртгийн албан татвар нь дөрвөн суурь орлого бүрдүүлдэг хэсгийн нэг. 2025 оны гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсний 2.8 их наяд төгрөг нь дотоод, 3.9 их наяд төгрөг нь импортын бараа, бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого эзэлсэн байна. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тэнцэл -1.4 их наяд төгрөгт хүрсэн. Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээ 1 их наяд төгрөг байгаа тул 400 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөж чадахгүй. Улмаар дээрх хууль хэрэгжвэл 1.6-1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвар багасна. Төсөвт 2.2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийх орон зай үлдсэн тул үүнийгээ одоо үргэлжлүүлж буй төсөвт арга хэмжээг санхжүүжүүлнэ. Энэ нөхцөлд 2027 онд нэг ч төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болно гэдгийг Тэргүүн шадар сайд хариултдаа тодотгов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа Монгол Улсын макро эдийн засгийн өөдрөг төсөөллөөс илүүтэй иргэдэд өдөр тутмын амьдралд нөлөөлж буй махны үнийн өсөлт хамгийн чухал асуудал болж байгааг онцлов. Цаашлаад газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор улс оронд хямрал эхэлсэн байхад төсвийн төсөөлөлд инфляцийг хэрхэн тооцож тусгасан талаар лавлав.

Инфляц өндөр гарч байгаа нь манай улсын суурь зардалд нөлөөлдөг газрын тосны бүтээгдэхүүн, бордоо зэрэг импортын барааны үнийн өсөлттэй холбоотой. Ирэх 6,7,8 дугаар сард инфляц хоёр оронтой тооноос дээш өндөр гарна. Үүн дотроо хүнсний инфляци өндөр гарах бөгөөд ялангуяа мах, ногоо, улаанбуудайн нөлөөлөл их байгаа. Гэвч дотооддоо зохицуулах боломж байна. Тухайлбал, бордоо, ургамал хамгаалах бодис, шатлах тослох материалыг бид өвөл үнэ нэмэгдээгүй үеийн үнээр хангалт хийж тариалалт явуулсан. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнд 20 доошгүй хувийн үнийн нөлөөлөл орж ирнэ, улмаар эмийн бүтээгдэхүүн, бусад хүнс, бараа бусад хүчин зүйлээс хамаарч төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Иймд уг зохицуулалттай холбоотой төслийг боловсруулсан хэмээн Тэргүүн шадар сайд хариулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлсэн гишүүд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон заалтыг хасахыг дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газар гэнэтийн үнийн өсөлтийн эсрэг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарган ажиллуулах, улмаар үүнд чиглэсэн тодорхой төлөвлөгөө боловсруулж ард түмэнд танилцуулах, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж ажлын хэсэг байгуулж, гишүүд сайтар ажиллах талаар хөндөж, санал хэлж байлаа.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишгүүн Р.Сэддорж танилцуулахаар тогтлоо.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо
Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн яамны мэдээллийг  сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш төслийн нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.долларын төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг ашиглаж, 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэлтэй байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Нийт авсан гадаад төслийн зээлийн 45 хувийг дэд бүтэц, 14 хувийг эрчим хүч, 16 хувийг эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт авч ашиглахаар гэрээ байгуулсан. Эдгээр эх үүсвэр нь эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын суурь хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан гэлээ.
Тэрбээр 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтэй зээл авах боломжтой болж, зээлийн нөхцөл өөрчлөгдөж байна гээд Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 39.4 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ тогтмол буурч, богино болон дунд хугацааны төлбөрийн хуваарийг жигдлэн, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг тууштай мөрдөж байгааг олон улсын байгууллагууд онцгойлон авч үзэж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн гэж байлаа.

Өнөөдрийн байдлаар 2012 оноос эхлэн гэрээ, хэлэлцээр нь байгуулагдсан Улсын Их Хурлаар соёрхон баталсан 21.0 их наяд төгрөгийн нийт амлалтын дүн бүхий 74 төсөл хэрэгжиж байгаагаас 7.2 их наяд төгрөг буюу 34.3 хувийн санхүүжилтийг ашигласан, үлдсэн 13.8 их наяд төгрөг буюу 65.7 хувь нь ашиглагдаагүй байна. Мөн тус төслүүдийн 68.4 хувь буюу 52 төсөл хөнгөлөлттэй, 31.6 хувь буюу 22 төсөл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгааг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдсан.
Улсын Их Хурлаас 2026 онд баталсан зээлийн ашиглалт болох 1.2 их наяд төгрөгийн ашиглалтад багтаан санхүүжүүлэх үүднээс төслүүдийг эрэмбэлж, хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг болон энэ онд хэрэгжиж дуусах төслүүдийг тэргүүн ээлжид санхүүжүүлэх зарчмыг баримталж байна. 2026 оны санхүүжилтийн 26 хувийг зам тээвэр, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, 11 хувийг эрчим хүч, 7.0 хувийг эрүүл мэнд, 4.0 хувийг боловсролын салбарт зарцуулахаар байна. Энэ онд нийт 3.1 их наяд төгрөгийн 18 төсөл хэрэгжиж дуусах бол нийт 2.7 их наяд төгрөгийн 7 төсөл тэргүүлэх салбар, чиглэлд шинээр хэрэгжиж эхлэхээр гэрээ, хэлэлцээрийн шатанд байна. Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь ирэх гурван жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан, хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөг өсөх, хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаанд ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэлийг бий болж байгааг мэдээлэлд дурдсан байлаа.

Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байгааг сайд танилцуулгадаа онцолсон.

Нийт 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдлийн 38 хувь нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл байгаа юм. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүснэ гэж байлаа.
Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн тул Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж, яаралтай горимоор Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг дурдаад сорилтыг даван туулахын тулд төсвийн үр ашиг, шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулав.   
Тодруулбал, төслүүдийг үр ашиг, ач холбогдлоор нь эрэмбэлж 2025-2026 онд нийт 327.9 тэрбум төгрөгийн зохицуулалтыг хийж, 42 төслийн хүрээнд 163 ажлыг хэсэгчлэн болон бүхлээр нь хойшлуулж эдийн засгийн үр өгөөжтэй бусад төслүүдийн санхүүжилтэд шилжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтийг удаашруулахгүй байх зохицуулалтыг хийсэн.

Түүнчлэн төсөл бүрд тусгайлан байгуулагдсан төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг тогтолцооны хувьд шилжилт хийж салбар бүрд нэгдсэн нэг төсөл хэрэгжүүлэх нэгжтэй болгож, 200 орчим орон тоог бууруулан нэгжийн урсгал зардлыг 39 хувь буюу 11.5 тэрбум төгрөгөөр бууруулан хэмнэлт хийсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд гадаад зээл, тусламжийн болон бусад эх үүсвэрийг нэгтгэх, их өгөгдөл хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, гадаад зээл, тусламжийн бүхий л үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгох дэд системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, хүнээс хамааралтай техник процессын үйл ажиллагааг бууруулан цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна гэж байлаа.


Мөн цаашид шинээр авах гадаад зээлийн төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх бодлогын болон хууль зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатайг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Б.Жавхлан, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтийн талаар тодруулахын зэрэгцээ үүнтэй холбоотой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн мэдүүлэхээр болсныг дэмжин ажиллахаа илэрхийллээ


ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй