Монголын өв соёлын нэг хэсэг болсон ардын дууны талаар яриагаа эхэлье. Та ардын дууг хэзээнээс сонирхож дуулж судалсан бэ?
-Арван жилийн сургуулийн сурагч байхаас л ардын урлаг, тэр дундаа ардын дуунд дурлаж эхэлсэн. Тухайн үед эгч маань анхны ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд амжилттай оролцож, Ардын дуу бүжгийн чуулгад урилгаар орж ажилласан цагаас эхэлж, ардын дуу сонирхож эхэлсэн. Монголын радиогоор явдаг байсан хөгжим - өв сан, ардын дууны нэвтрүүлгийг их сонсдог байлаа. Мөн чуулгын концертыг байнга үзэж, ардын дуу гэж ийм гоё зүйл байдаг юм байна гэдгийг ойлгож мэдэж авсан. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгөөд гуравдугаар шатнаас “үг тод биш” гэдэг шалтгаанаар хасагдаж байлаа.
Тухайн үед Алдарт уртын дууч МУУГЗ С.Цоодол багш маань шалгалтын бүрэлдэхүүнд байсан бөгөөд намайг хасагдахад “Миний шавь болох уу, би чамд ардын дуу заана, их хөөрхөн “манери”-тай хүүхэд байна” гэж намайг шавиа болгож байсан. Багшаараа би олон дуу заалгаж, ардын дуу дуулах арга барил, тэр дундаа Хүрээ дууны онцлог, түүний донж маягийг заалгасан.
Би Их хүрээ, Нийслэл хүрээнд зохиогдсон болон тэнд дуулагдаж байсан “хүрээ” тодотголтой дуундаа маш үнэнч, тууштай 30-иад жил явсан. Багш маань Монголын радиогийн Алтан фондод байгаа алдарт дуучдын дуулсан хуучны дуунуудыг сайн сонсож бай гэж хэлдэг байсан. би Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Т. Хандсүрэн, МУГЖ С.Лувсангомбо, Г.Дулмаа, Т.Сүрэнхорлоо нарын зэрэг дуучдыг байнга сонсдог байлаа. Би өөрөө дуулж, нэрд гарч сүйд болоогүй ч ардын богино дууны өвөрмөц онцлог бүхий хүрээ дууны донжийн олж дуулж сурах зорилготой байж, үүндээ ч тууштай явсан.
-Хүрээ дуу, ардын дуу хоёр ялгаатай юу. Эсвэл нэг чиглэлийн дуу хөг аялгуугаар нь ялгаатай байна уу?
-Хүрээ дуу гэдэг нь ардын богино дуу. Ардын дууг аялгуунаас хамаарч уртын дуу, богино дуу гэж ангилдаг. Ардын богино дуу нь нутагт, нутагт янз бүрээр нэрлэгддэг. Тухайлбал, хохир, ёдор, шавшаа, эмээлийн, завхай, хүрээ дуу гэх мэт. Завхай дуу гэхээр завхай зайдангийн завхай биш шүү. “Завхай” гэдэг үг “зайдан” гэдэг үгтэй хорших аваас сөрөг утга илэрхийлнэ. Бид эмээлийн 8 завхай гэж ярьдаг шүү дээ. эмээлийн жижиг мөнгөн чимэглэлийг завхай гэдэгтэй адил гоё ганган дэгжин дуугаа завхай гэж нэрлэсэн байдаг. Завхай дуу ихэвчлэн хүрээнд дуулагдаг байсан. Хүрээ дууны аялгуу их өвөрмөц байдаг.
Ардын дууны үг нь тухайн нийгмийн нөхцөл байдалтай уялдаж, өөрчлөгдөж явдаг. Харин дууны аялгуу харьцангуй тогтвортой уламжлагдан ирсэн байдаг. Аялгуундаа гоё донжтой нандин нугалаа хугалаатай байдаг. Хэв маяг донж, намба төрхийн илэрхийлэл нь бол хүрээ дуу юм. Хүрээний амьдрал баруун, зүүн хүрээгээрээ ялгаатай байсантай адил дуу нь хүртэл өөр өөр байсан. Тухайлбал, би урьд нь “Эрүү цагаан болжмор” дууг хүрээ дуу гэж бодож байгаагүй. Гэтэл бүр хүрээ дуу, тэр дундаа баруун хүрээний дуу байдаг шүү. Ер нь ардын дуу амьдралын тусгал. Тухайн нийгэм, цаг үеийн байдал, нийгэмд болсон соёлын үзэгдэл юмсын мэдээлэл, түүхийг дуунаас бүрэн бус ч харах боломжтой.
-Сүүлийн үед ардыг дууг орчин үеийн хэв маягт оруулж их дуулдаг болсон. Орчин цагийн хэв маягт оруулж дуулахаар үндсэн хэв маяг нь эвдэгдэж байгаа юу?
-Ардын олон сайхан дуу маань мартагдахад хүрээд байна. Иймээс ардын дуугаа олон нийтэд хүргэх гэж янз бүрийн л арга хэрэглэж байна. Ардын дуугаа авч үлдэх гэж бүгд л хичээж байгаа. Жишээлбэл, дуучин Б.Батцэцэглэн ардын дууг хөгжим, ая эгшгийн хэмнэлээр нь залуу үед хүргэх, тэдний сонирхолд нийцүүлэн дуулахыг хичээж байна гэж ярьж байсан. Нэг талаас зөв л дөө, нөгөө талаас үзэгч сонсогчдын таашаалд нийцүүлж уран бүтээл туурвина гэдэг бол урлаг хөгжихгүйн илрэл. Нийтийн уран сайхны соёл, үзэгчдийн соёлын түвшин ахихгүй, бахь байдгаараа л байна. Уран бүтээлчид үзэгч, сонсогчдын хүсэл сонирхол, таашаалд нийцүүлэхгүй, үзэгчид бидний уран бүтээлд нийцэж гэмээнэ хөгжинө л дөө. Сүүлийн үед ардын дууг их эвдэж дуулж байна, үгийг буруу хэлж байна, ая дан буруу, ер нь “ардын дууг зөв дуулна” гэж яг юу юм бэ гэдгийг ойлгохгүй л байна л даа. Дээр үед ардын дууг нотоор дуулдаггүй л байсан. 1930 оноос Оросын соён гэгээрүүлэх ажлын бодлого, арга зүй монголд нэвтэрсэн. Үүнээс өмнө ОХУ-аас мэргэжилтнүүд ирж манай урлагийнханд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг байсан. Монголчууд нот мэддэг болсон нь сайн, муу хоёр талтай гэж үздэг. Ардын дууны тухайд дууг нотлочихоор ам дамжин уламжилж ирсэн ая дан мартагдахаас сэргийлнэ. Залуу хойч үе маань суралцах боломжтой. Мөн Дэлхий нийтийн хөгжмийн соёлын харилцаанд оролцоно гэсэн үг. Нөгөө талдаа нотоор дуулахаар баригдмал болчихдог. Ардын дуу эгшгийн бичвэрт ороод ирэхээр түүнийг дуулах арга барил, сэтгэлгээ хязгаарлагдаж, баригдмал болдог. Одоо ч “шалдан” ноотоор дуулаад байгаа болохоор ардын дуу дуулах арга барил гэдэг зүйл алдагдаад, яг л зохиолын дуу шиг л сонсогдоод байгаа даа.
Ардын арга барил, хийц, донж маяг нот болон фонограмм хоёрт баригдаж байна. Ардын дууг “амьд” хөгжимтэй, хөгжимчидтэйгөө холбоо харилцаа үүсгэж, дуучин өөрийн арга барил, манериа гаргаж, дуулбал төгс болно. Одоо ардын дууг ардын арга барилаар дуулдаг дуучин ховор болжээ.
Би алдарт “Бөмбөгөр ногоон” театраас улбаатай “Эртний сайхан” чуулгад монголын сор болсон уран бүтээлчтэй хамт ажиллаж байсан. Тэр үеийн агуу уран бүтээлчтэй хамт ажиллаж, ардын дууг хэрхэн дуулж байсныг сонсож, мэдэрч байсан хүний хувьд ардын дуунд уламжлалаа барихыг илүүд үздэг. Энэ цагт “Цэнхэрлэн харагдах уул”, “Арван тавны сар” гэх мэтийн цөөн хэдэн дууны дотор эргэлдэж байна. Ардын дуунууд дуулагдахгүй, хэрэглээнд орохгүй болохоор л мартагдаж байна гэсэн үг. Тэгэхээр дуучид маань эрэл хайгуул хийж сайхан сайхан ардын дуунуудаа гарган ирж дуулж олон нийтэд хүргэх,түгээх хэрэгтэй байна.
Олон түмэн хүрээгүй мартагдаж байгаа ардын дууг манай уран бүтээлчид сэргээж дуулахгүйгээр, үзэгч сонсогчид хүрсэн дууг л дуулдаг?
-Манай дуучид болон уран бүтээлчид ард олны нийтлэг мэддэг хэдэн дууг “тэдний сонсох хүсэл таашаалд нийцүүлэхийн тулд” л дуулаад байх шиг. Энэ нь олон нийтийн дунд өөрийгөө хурдан хүлээн зөвшөөрүүлэх, богино хугацаанд нэрд гарч, олонд танигдах хүсэлтэй холбоотой юм уу гэж хардаг. Өөрөөр хэлбэл сонсогчдын мэдэхгүй дууг нь дуулбал хүлээж авахгүй гэж боддог юм шиг байна лээ. Шанзны Ц.Чулуунцэцэг эгч, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг бид гурав хүрээ найрыг зохион байгуулсан. Х.Эрдэнэцэцэг Мандах нар, Торгоны хээ гэх мэт үзэгч сонсогчдын мэддэг дууг дуулахад хүмүүс бүгд дагаад дуулсан. Харин би ихэвчлэн хуучны дуунуудыг хуучин үг, ая дангаар дуулахад намайг дагаж дуулдаг хүн байгаагүй. аргагүй шүү дээ, мэдэхгүй байгаа учраас тэр. Тэгээд “Самрын гурван толгой”-г дуулахад хүмүүс дагаж дуулж байсан. Ер нь Ардын дууг ардын арга барилаар дуулах хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Ардын арга барилыг бид сэргээх ёстой гэдэг утгаар ардын богино дууны уралдаан зарласан. Энэ уралдаанаар ардын богино дууны мэдлэгийн түвшин хэр байгаа, оролцогчид ямар дуунууд дуулж оролцохыг тандах мэдэх санаатай. Энэ судалгаан дээр тулгуурлаж сургалтууд явуулах бодолтой байна.
-Ардын богино дууны уралдаанд хэчнээн хүн оролцуулах бэ?
-Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд ихэвчлэн орон нутгаас хүмүүс оролцож байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хүн оролцож байна. Оролцогчдын дунд өвлөн уламжлагчид байна. Тухайлбал Дорнод аймгийн Дашбалбар сумаас 80 настай өвлөн уламжлагч оролцож байна. Энэ хүнд 1700-иад оны дуунууд байна гэж ярьсан. Орон нутгаар өв тээгчид их байгаа учраас үүнийг олон нийтэд таниулах нь бас чухал. Энэ уралдаан нэг, хоёр, гурав гэж зохион байгуулагдана. Ардын богино дууны уралдааны нэг, хоёр дугаар шатыг цахимаар зохион байгуулна.
-Уралдаанд насны хязгаар байгаа юу?
-Ардын богино дууны уралдаанд 18-аас дээш насны хүн бүхэн оролцох боломжтой. Эхний шатандаа ардын дуугаа хөгжимтэй, хөгжимгүй дуулж оролцоно. Ардын богино дууны уралдаандаа үндлэсний хөгжимтэй “амьд” харилцаанд орж дуулах, нутгийнхаа дууг нутгийн аялгаар дуулах, хуучны болон мартагдсан дууг сэргээн дуулах, энэ дууныхаа талаар мэдээлэл хүргэсэн эсэхийг давуу тал гэж тодорхойлсон байгаа юм. Мэргэжлийн дуучид их асууж байна. Мэргэжлийн дуучдын хувьд мэдээж шалгуур өндөртэй зохион байгуулна. Миний эгч Ардын богино дууны гарамгай мастер МУСТА С.Гэрэлмаа. Ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин байсан. Эгчийнхээ нэрэмжит уралдааныг мэргэжлийн дуучдын дунд зарлах бодолтой байна. Энэ бол миний мөрөөдөл. Миний эгч Хоёр нутгийн эр, Үлэмжийн чанар, Сэржиймаа гэх зэрэг олон дууг дуулж тамгалсан.
-Шүүгчийн бүрэлдэхүүн ямар хүмүүс байгаа бэ?
-Ардын жүжигчин Ц.Үенч, МУГЖ Л.Чулуунчимэг эгч нарт шүүгчээр оролцох хүсэлт тавьж ажиллуулахаар болсон. Нөгөө 2 шүүгчээ уралдаан бүрд солиод явна гэсэн бодолтой байна. Уралдааны удирдамжинд зорилгоо маш тодорхой тусгасан байгаа.
-Ардын дууны нэг хоршил нь ардын хөгжим. Таны хэлж байгаарай ардын дууг фонограммгүйгээр дуулах боломж бий юу?
-Байлгүй яахав дээ. Фонограмм байхгүй үед үндэсний хөгжимтэй дуулаад болж байсан. Одоо хүн бүр фонограммтай, хоолойгоо засуулаад ам бариад дуулаад байхаар дууны урлаг урам доройтно. Амьд хөгжимтэй дууг дуулахаар үнэхээр гоё харилцаа үүсдэг. Хөгжимчин дуучин хоёр нэгнийгээ маш сайн мэдэрч дуулдаг учраас үнэхээр төгс байдаг.
Ардын дуунаас үзэгчдэд хүрсэн дуунууд дуулагдаж байна. Мартагдаж байгаа ардын дуу нэлээд бий гэж байна. Судлаач хүний хувьд мартагдаж байгаа дууны судалгааг гаргаж үзсэн үү?
-Мартагдахад хүрээд байгаа дууны тоог гаргах боломжгүй. Би хүрээ дууны чиглэлийн хүн учраас хүрээнд 160 гаруй ардын дуу дуулагдаж байсан гэсэн судалгаа бий. Би 6 мянган гаруй ардын дуу цуглуулсан. Үүнд: МУГЖ А.Даваахүү эгчийн 1008 ардын дууны номноос эхлээд олон түүвэр цуглуулсан, Монголын радиогоор нэвтрүүлдэг байсан дуунуудыг бичиж тэмдэглэж авч цуглуулдаг байсан. Дууны цуглуулгад эгчийн минь цуглуулсан дуунууд олон бий.
Нэг үеэ бодвол “ардын дууг арга барилаар нь дуулах” хүсэл эрмэлзлэлтэй, үүний ач холбогдлыг ойлгосон уран бүтээлийн баг, хамт олон бий болжээ гэж харж байна. Үүний илрэл бол орон нутгийн театр, чуулгуудаас ийм хүсэлт ирж байгаа явдал юм. Он гараад Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр, Говьсүмбэр аймгийн Боржигон театрт очоод ажиллаад ирлээ.
-Ардын дууг морин хуураас гадна ямар хөгжимтэй дуулбал зохиомжтой байдаг бэ?
-Хэзээнээсээ л ардын дууг үндэсний хөгжимтэй дуулж ирсэн. Харин хүрээ дуутай хамгийн нийлэмжтэй нь шанз, хуучир хөгжим юм. Энэ хоёр хөгжимтэй хүрээ дууг дуулахаар үнэхээр түшигтэй байдаг. Манай нэртэй дуучид шанз, лимбэ, хуур, хуучир хөгжимтэй дуулдаг байсан учраас маш гоё сонсогддог. Одоо ардын дууг үндэсний хөгжимтэй дуулах нь ховордож дан фонограммтай дуулах юм. Харин Мэргэжлийн урлагийн байгууллагуудын тухайд өөр л дөө. Ардын дуу маань монголын ёс уламжлалтай салшгүй холбоотой. Ардын дуугаа дуулж байгаа л бол үндэсний хөгжим, үндэсний хувцсаа өмсөж дуулах нь хамгийн гоё хоршил байдаг. Сүүлийн үед монгол хувцсыг тухайлбал шанх болон зүүсгэл чимгийг буруу хэрэглэх байдал ажиглагддаг.
-Одоо энэ цаг үед дуулж байгаа дуучдын ихэнх нь нийтийн дууны чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа. Ардын дууг таны хүсээд байгаа хэмжээнд хүрч дуулагдахгүй байгаа байх?
-Нийтийн дуу руу хэтэрхий хошуурсан холбоотой байж болно. Нэг хэсэг нийтийн дуу дуулж, нилээн олон “од” гарсан шүү дээ. Үүнийг буруутгаж болохгүй. Гэхдээ ардын дуучид нийтийн дуу руу ороогүй нь бас талархууштай явдал байлаа. Тэд ардын дуундаа үнэн байжээ. Бүх зүйл цаг хугацаатай. Одоо хүмүүс юуг сонсох, юуг сонсохгүйгээ сонгодог, мэддэг болсон цаг үе ирсэн.
-Танаас ардын дууны талаар асууж, сонирхож байгаа дуучид байна уу?
-Одоо л асууж эхэлж байна. Өөрийнхөө урын санд байгаа дуунаас зааж өгөөч гэдэг санал ч их ирж байна. Одоо хуучны ардын дууг дуулах сонирхолтой болсон шиг байна лээ, анзаарахад.
-Өөрийнхөө уран бүтээлийн талаар?
- Уртын дуучин, ардын урлаг судлаач, хөгжмийн зохиолч МУСГЗ С.Цоодол багшаар ардын дуу заалгасан учраас өөрийг их хувьтай хүн гэж боддог. Миний үндэсний хөгжимтэй дуулсан 12 дуу Монголын радиогийн сан хөмрөгт байгаа. Бас өөрийн хүсэл сонирхлоор цалингийн зээл авч байгаад 4-5 дуу бичүүлсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас ардын дуу хуур яриад явах боломжгүй байсан. Цалингийн зээл авч байгаад Жинжий бадам, Хонгор морь дууг дуулж клип хийлгэсэн. “Үр дүн нь хаана байна” гээд ханьдаа загнуулсан. /Инээв/ Саяхнаас пянзны бичлэгт орсон, шударга хөгжимчин, СТА Ц.Чулуунцэцэг эгчтэйгээ хамтраад. Дуугаа ихэвчлэн шанз, хуучир хөгжимтэй л дуулсан. Би ардын дуугаа хуучин хэв маягаар нь дуулна. Миний дууны пянзны бичлэгт МУГЖ Л.Чулуунчимэг, МУГЖ Б.Мөнхбаатар, МУГЖ Г.Энхбаатар, СТА Х.Эрдэнэцэцэг Б.Алтанжаргал нар оролцож байгаа. Наадмаас өмнө пянзаа гаргах санаатай ажиллаж байна.
-Та цагдаагийн байгууллагад хэзээ эхэлж ажилласан бэ?
-МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимд суралцаж төгсөөд Магистрантурт суралцсан. Тухайн үед Сүлд чуулга дуучин авч байна гэдгийг сонсоод очиж, шалгуулсан. Нэлээд том 45 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжим, үндэсний хөгжимчид, дуучид, бүжигчид байсан. Ардын дуучин байгаагүй. Би ардын дуучнаар орж ажилласан. Ажиллаж байх хугацаанд манай чуулга 2-3 удаа татан буугдаж байсан.
-Яагаад татан буугдаж байсан бэ?
Цагдаагийн байгууллагын мөрдөс зүүж хувцсыг өмсөж байгаа бол үндсэн чиг үүргээ гүйцэтгэх ёстой гээд татан буулгаж байсан. Татан буулгах болгонд би ямар нэгэн албан тушаал дээр үлддэг байсан. Намайг тухайн үед Цагдаагийн академид суралцах хэрэгтэй гээд хууль эрх зүйн мэргэжлээр суралцуулсан. Цагдаагийн байгууллагад дуучнаас эхлээд соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажлын байр, албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Хамгийн сүүлд Цагдаагийн байгууллагийн 100 жилийн ойгоор Цагдаагийн музейг шинэчлэн дэглэж, Виртуал музейтэй болгосон. Ингээд цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаад “хошууч” цолтой гавьяаны амралтдаа гарсан. Музейгээ улам сайхан болгоод цааш ажиллах боломж байсан ч би ардын дуундаа татагдсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа ардын дуугаа нэг хэсэг орхиж үзсэн. Гэхдээ зүрх сэтгэлд байнга уяатай байдаг зүйлийг орхиж болдоггүй юм байна лээ.
-Таны үндсэн мэргэжил судлаач юм уу?
-Миний үндсэн мэргэжил ардын урлаг судлаач. Магистраа хүрээ дууны онцлог, түүний донж маяг сэдвээр хамгаалсан. Миний удирдагч багш түүхийн ухааны доктор Р.Оюунбат багш юм. Би судалгаагаа цааш үргэлжлүүлэхээр МУИС-даа докторантад элсэж орсон. Миний докторын ажлын сэдэв Торгуудын гүнж Ниржидмаа. Энэ сэдвээр хамгаалах зорилготой явж байна.
-Таны бодлоор Монголын дууны урлагийн хөгжил ямар түвшинд байна бэ?
-Ардын дууны тухайд нэг хэсэг жаахан зогсонго байдалд орсон. Бусад төрлийн дуу, хөгжим бүжиг, уртын дуу, сонгодог урлаг сайн хөгжиж байгаа гэж боддог. Иймээс ардын дууны уламжлалаа бариад дуулж сэргээх хэрэгтэй байна. Дээр хэлсэнчлэн дуучин хүн үзэгчдийн таашаалд нийцүүлж уран бүтээл туурвина гэж байхгүй. Дуучид ямар байна үзэгчид тийм л байна. Ийм байдалтай байвал дууны урлаг хөгжихгүй. Ардын дуугаа өвлөхдөө, уламжлуулахдаа дуучид уран бүтээлчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Уран бүтээлчдийг амь барьж дуулж байна гэдэг шүүмжлэл их байдаг. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?
-Ямар орчин, нөхцөл байдалд дуулахаас шалтгаалж бичлэгээр явж, ам барих тохиолдол байдаг. Монголчууд, манай нэртэй дуучид хэзээ ч ам барьж дуулж байгаагүй. Одоо бол ам барьж дуулдаг явдал их болсон. Ер нь дуучин хүн дуулах тусам л хоолой задарч өгдөг. Байнгын бэлтгэл амжилтын үндэс гэдэг шиг дасгал сургуулилтаа тогтмол сайн хийгээд дуучин мэргэжилдээ эзэн нь болоод байвал ам барих шаардлага гарахгүй. Одоо үзэгч сонсогчид ам барьж байна уу, үгүй байна уу гэдгийг мэддэг болчихсон. Хэнийг хүлээн авч сонсох уу, хэнийг сонсохгүй гэдгээ мэддэг, шийддэг цаг үе ирсэн байгаа. Энэ нь нийтийн уран сайхан соёлын түвшний илрэл юм аа.
-Ярилцсан танд баярлалаа
| СТА С.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй | ||
| Үзсэн: 37 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.