Шууд Chart

УЛС ТӨР: 2021 оны онцлох үйл явдлууд

2021-12-31 17:53:35

Улиран одож буй 2021 он Монгол Улсад улс төрийн хувьд олон үйл явдал өрнөсөн баялаг он байлаа. Цар тахлын улмаас улс орны дотоод болон гадаад нөхцөл байдал ч хүнд байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

MNB.mn сайт эдгээрээс дараах үйл явдлуудыг онцлон нэрлэж байна.


У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорлоо

Нэгдүгээр сарын 21. Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний ажлаасаа огцрох хүсэлтээ өгсөн. УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжсэнээр түүний тэргүүлж асан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Хамгийн тогтвортой ажиллах байсан, Үндсэн хуулийн хамгаалалттай Засгийн газар ийнхүү хамгийн хурдан буюу зургаан сарын дараа огцорсон юм. Мөн У.Хүрэлсүх 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш анх удаа өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн Ерөнхий сайд болжээ.

Үйл явдлыг хураангуйлбал, Засгийн газар  тухайн өдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хэлэлцсэн. Түүний дараа Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл дээрх асуудлаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргаснаа танилцуулж, удирдах зөвлөл дэмжсэнээр тус асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, байнгын хороо руу шилжүүлсэн юм.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж, шийдвэрлүүлсэн байдаг.


Л.Оюун-Эрдэнийн  тэргүүлсэн Шинэ Засгийн газар байгуулагдлаа

Нэгдүгээр сарын 27. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэсэн юм.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд:

Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс:

  • Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасан
  • Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Соёлын сайд Ч.Номин
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Засгийн газрын гишүүнээр улиран ажиллах болсон сайд нар:

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар багтсан байна.

МАН, МАХН хоёр албан ёсоор нэгдлээ

Дөрөвдүгээр сарын 29. МАН-ын дарга У.Хүрэлсүх,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нар энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Тодруулбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталсан байна.


У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Зургаадугаар сарын 10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч илт давуу ялалт байгууллаа.

Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс:

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092 санал
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394 санал
  • Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 санал авчээ.

Сонгуулийн ирц 22.00 цагийн байдлаар 52.78 хувьтай байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн сонгогчид хамгийн бага буюу 39.61 хувийн ирцтэй байсан бол Сүхбаатар аймгийн сонгогчид хамгийн идэвхтэй буюу 58.31 хувьтай сонгуульд оролцсон байна.


Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина

Есдүгээр сарын 22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулжДижитал үндэстэн” болох зорилтыг дэвшүүлснийг тунхаглаад, цаашид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж, байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтална гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна." хэмээн хэлсэн нь олон улсын зүгээс дэмжлэг аваад байна.


Засгийн газрын санал, шаардлагыг "Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниуд хүлээн авлаа

Арванхоёрдугаар сарын 13. "Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ.

Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ. 


Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргав

Арванхоёрдугаар сарын 15-17.  Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд болсон тус айлчлал хоёр улсын ерөнхийлөгч нарын ганцаарчилсан уулзалтаар эхэллээ.

Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв.

Мөн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эрчим хүчний коридор бий болгох шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид цар тахлын өмнөх түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар дараа нь хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргав.


"Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" тогтоолыг УИХ баталлаа

Арванхоёрдугаар сарын 30. Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, батлууллаа. Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзжээ.


УЛС ТӨР: 2021 оны онцлох үйл явдлууд   
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй