Шууд Chart

Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-07 17:00:49

Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц” төслийн нэгдүгээр үе шат 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байна.

Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явц 78 хувьтай байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженер Б.Өсөхбаяр “Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Шархад дэд төвийн 19.2 га талбайд нийт 2816 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр үе шатанд 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 78 хувьтай байна. Долоодугаар сард эхний ээлжийн дөрвөн блок бүхий 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн энэ оны гуравдугаар улиралд үлдсэн зургаан блокийн 228 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хоёрдугаар үе шатанд 13.8 га талбайд 1846 айлын орон сууц барих бөгөөд төсөл 2023-2030 он хүртэл хэрэгжинэ. Төслийн нийт талбайн 30-40 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Боловсрол, худалдаа, үйлчилгээ, инженерийн дэд бүтэц, орон сууцыг цогцоор нь шийдэж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахыг зорьж байгаа” гэв.

Түүнчлэн барилгын дээвэр дээр нарны эрчим хүчний панел суурилуулж, сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй. Энэ нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг 20 хүртэл хувиар хэмнэх юм. Харин дулаалгын хувьд Монголд анх удаа хөөмөл шилэн дулаалгын технологийг ашиглаж байгаа аж. Уг материал нь хаягдал шилийг 1300-1800 хэмийн температурт боловсруулж гарган авдаг байна. Мөн усны хэрэглээг хэмнэх шийдлийг нэвтрүүлсэн. Тухайлбал, айл өрхийн холигчоос гарах усны хэмжээг минутад зургаан литрээс ихгүй байхаар тохируулсан байна.


Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 47 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй