Шууд Chart

Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна

2026-05-08 16:02:59

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.4 га талбайд барьж буй “Ногоон орон сууц” төслийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон.

Өнөөдрийн байдлаар төслийн хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, дөрвөн блокийн барилгын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил, гадна зам талбайн тохижилтыг хийж байгаа юм.

Үлдсэн хоёр блокийн барилгын ажил 58 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

“Ногоон орон сууц” төслийн онцлогийн талаар Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн Ус хангамж, агаар сэлгэлтийн инженер О.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр “Эхний ээлжид ашиглалтад орсон Ногоон орон сууц нь хүүхдийн тоглоомын талбай, 121 автомашины зогсоолтой, хороолол дотроо унадаг дугуйн замыг шийдсэн. Нэг га талбайд 350-аас доош хүн байхаар нягтшилыг төлөвлөсөн учир орон сууц 4-5 давхар байгаа. Уур амьсгалын ногоон сан болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл.

Иймд олон улсад хүчин төгөлдөр ногоон барилгын үнэлгээний EDGE системээр үнэлэгдсэн, сертификаттай. Нэг блок дунджаар 28-32 айлтай. Хоёроос дээш давхарт 37-53 ам метр талбай бүхий 2-3 өрөөний сонголттой байгаа. Харин нэг давхрын байрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настай хүмүүст зориулсан орц, гарцыг ээлтэйгээр төлөвлөсөн. Тухайлбал, тэргэнцэртэй иргэд чөлөөтэй орж гарах өргөн хаалгатай, задгай шүршүүртэй.

Олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системээр 34 хувийн эрчим хүчний хэмнэлттэй гэж үнэлэгдсэн. Дулаалга сайтай. Усны хэмнэлттэй. Угаагуурын саарал усыг цэвэршүүлээд суултуурт ашиглах системтэй. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан эко барилгын материал ашигласан. Давхрын шат бүрийн төгсгөлд товруутай мэдрэгчүүдтэй.

Зоорийн давхар энгийн орон сууцуудтай ижил зохион байгуулалттай. Гэхдээ саарал усыг цуглуулж дахин ашиглахын тулд бохирын байгууламж илүү тоогоор хийгдсэн. Угаалгын өрөө, гал тогооноос гарч байгаа бохир усыг тус тусад нь цуглуулж, цэвэршүүлдэг.

Орон сууцыг барихын өмнө гэр хорооллын иргэдээс судалгаа авахад эд хогшлоо хадгалах агуулах сав хэрэгтэй гэсэн хүсэлтийг тавьсан. Иргэдийн хүсэлтийн дагуу зоорийн давхар болгонд айлуудад зориулсан эд хогшлоо хадгалах агуулахыг хийсэн.

Мөн дөрвөн давхар хүлэмж барьсан. Хотхоны иргэд хүлэмждээ ногоо тариалах боломжтой. Гадна тохижилтод байгальд ээлтэй чулуун материалуудыг ашигласан. Дээвэр дээрээ нарны цахилгаан үүсгүүр, ханандаа нарны хавтан байрлуулах зэргээр сэргээгдэх эрчим хүчийг төрөл бүрээр нэвтрүүлж байна” гэлээ.

Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй “Ногоон орон сууц” төслийн хоёрдугаар ээлжийн дөрвөн блок барилгыг энэ оны наймдугаар сард, хоёр блокийг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.


Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 3 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй