Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-06 12:40:00

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, эгүүлэн татах зохицуулалтыг тодорхой болгох, парламент, улс төрийн намыг иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг олон нийтээс хүчтэй шаардах болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн заалтад тулгуурлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болох нөхцөлийг тодорхойлох шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Энэ хүрээнд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг нь тодорхой болгохоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,
Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “... 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй