Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Б.Найдалаа сайд салбартаа баримталж байгаа шинэчлэлийн бодлогоо танилцуулж, багц ажлууд эхлүүлснээ тэмдэглэв.
Үүний хүрээнд эрчим хүчний ногоон шилжилт, боловсон хүчнийг чадавхжуулах, засаглалыг сайжруулж, системийг цахим, ухаалаг, хэрэглэгч төвтэй болгох зэрэг томоохон ажилд БНЭУ-ыг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Манай улс нарны асар их нөөц, бүс нутгийн эрчим хүчний интеграцад оролцох стратегийн байршилдаа тулгуурлан Олон улсын нарны холбоотой (International Solar Alliance) хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, хөнгөлөлттэй санхүүжилт татах боломжтой. Эрчим хүчний яамны зүгээс 2019 оноос эхлэн тус холбоонд элсэх талаар судлан ажиллаж ирсэн. Улмаар 2025 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийх үеэр дээрх холбоонд элссэн билээ. Дэлхий даяар нарны эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх зорилготой олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох энэхүү холбоог 2015 онд Энэтхэг, Франц хамтран санаачилж, COP-21 хурлын үеэр байгуулсан юм. Уг холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа салбарын сайд илэрхийллээ.
Мөн төрийн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНЭУ-ын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар холбогдох саналуудыг Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлэн ажиллаж буй. Уг санамж бичигт нар, салхи, биомасс, бага оврын усан цахилгаан станц, ногоон устөрөгч, хуримтлуурын станц, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний бүхий л чиглэлд хамтран ажиллахаар тусгасан юм.
Элчин сайд Атул Малхари Готсурвэ “БНЭУ нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх, энэ чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ихээхэн туршлагатай. Монголын мэргэжилтнүүдийг хамруулах тусгай сургалтыг зохион байгуулах боломжтой. БНЭУ-ын Гадаад хэргийн сайд ирэх зургаадугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Тухайн үед салбарын яамд хоорондын дээрх санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах боломжийг хоёр тал эрэлхийлэх нь зүйтэй болов уу” хэмээн дурдлаа. Тус улсын Засгийн газрын Энэтхэгийн техникийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Хил дамнасан эрчим хүчний худалдаа” сэдэвт сургалтад Эрчим хүчний яамны дөрвөн мэргэжилтэн 2025 онд хамрагдаж байв.
Элчин сайдын тодотгосноор БНЭУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй аяны хүрээнд тус улсын айл өрхүүд байшингийн дээвэр дээрээ нарны панель суурилуулж, эрчим хүчний хэрэглээгээ ханган, илүү гарснаа улсдаа борлуулдаг байна. Ийм аяныг Монголд хэрэгжүүлэхийг сонирхвол туршлагаа хуваалцахад бэлэн гэж байлаа. Талууд эрчим хүчний салбарт бүхий л чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
| Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилнэ | ||
| Үзсэн: 45 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.