Шууд Chart

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2021-01-15 07:57:25

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 ны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан  нар тус тус  танилцууллаа. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлж, хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан байна.

Түүнчлэн барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалт болон Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.  Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн төдийгүй бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгажээ. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул төслийг үзэл баримтлалын хүрээнд  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй тогтжээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Чингис хаан болон Монгол Улсын хаад, төрийн бэлгэ, тэмдэгтэй холбоотой нэр, дүрслэлийг архи  болон бусад бараа бүтээгдэхүүнд ашиглахыг төслийн хүрээнд цэгцлэсэн эсэхийг тодруулав. 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар тодорхой тусгасныг дурдаад урд нь барааны тэмдгийн эрхээ авсан бүтээгдэхүүний тухай ярих боломжгүй ч цаашид энэ төрлийн нэр, төрийн бэлгэ тэмдэгтэй холбоотой нэр, дүрслэлтэй холбоотой асуудлыг бараа бүтээгдэхүүүнд ашиглахыг дээрх хуулийн төсөлд хязгаарлахаар тусгасан гэж байлаа. 

 Ингээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй