БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.05.14/ “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” /GGGI/-ийн Азийн бүс хариуцсан захирал Жэсон Лиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар GGGI-ийн ногоон хөгжил, уур амьсгалын түншлэл, олон улсын итгэлцлийг гүнзгийрүүлэх, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалах стратегийн ач холбогдолтой холбогдох хэлэлцээг Монгол Улс соёрхон батлах явц, COP17 хурлыг дэмжиж, хамтран ажиллах тухай болон цаашдын хамтын ажиллагааны цар хүрээ, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир салбар яамнаас боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулахад үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлснийг дурдан, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0)-ийн нарийвчилсан баримт бичиг болох "Цэнхэр ном"-ыг эцэслэн боловсруулахад техникийн туслалцаа, бодит дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс 2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулах COP17 хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулахаар төлөвлөсөн уг санаачилга нь хурлын үр дүнг урт хугацааны тогтвортой “өв” болгон үргэлжлүүлэх, цаашид харилцан уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа тул энэ хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.
Ноён Жэсон Ли COP17 болон “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, уг санаачилгыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэв.
Хурлын төгсгөлд цөлжилт, газрын тогтвортой менежмент, сэргээгдэх эрчим хүч, биологийн олон янз байдлыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ.
| СОР17 хурлыг "Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” дэмжиж, ажиллахаа илэрхийллээ | ||
| Үзсэн: 18 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.