Шууд Chart

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг аймгуудад зохион байгуулна

2026-05-14 12:07:16

Байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны тавдугаар сарын 08-наас зургаадугаар сарын 08-ны өдрийг хүртэл орон нутагт хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлага, Байгаль орчны газар, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч хуулийн этгээд, орон нутгийн болон орчны бүсийн иргэдийн төлөөллийг хамруулж байгаа юм.

Тус хэлэлцүүлгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын байгалийн өв сан, “The Nature Conservancy” байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэг тавдугаар сарын 08-нд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эхэлсэн бөгөөд Завхан, Баян-Өлгий, Ховд аймагт тавдугаар сарын 10-18-ны өдрүүдэд, Сүхбаатар, Хэнтий аймагт тавдугаар сарын 14-нд, Дорнод аймагт тавдугаар сарын 15-нд, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг боловсронгуй хөгжүүлэх, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, мөн орчны бүстэй холбоотой харилцааг илүү оновчтой зохицуулахаар тусгажээ.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг аймгуудад зохион байгуулна  
Үзсэн: 32 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй