Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2020-12-25 07:02:04

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 71.4 хувийн саналаар дэмжсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн пунктээр бууруулан тооцвол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлын байраа хадгалан, энэ цаг үеийг эрсдэл багатай даван гарах талаас нь тооцож, асуудалд хандах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал үр дүнтэй, эсэх талаар тодорхой мэдээллийг сонсмоор байна, мөн цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад бодитой дэмжлэг болсонтой адил цаашид үр ашгийг нь сайтар тооцож, хэрэгжүүлэх боломжийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.

А.Ариунзаяа сайдын танилцуулга, Б.Жавхлан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, С.Амарсайхан, С.Ганбаатар нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авсан. Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Амарсайхан, С.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Үргэлжлүүлэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан энэ долоо хоногт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус өргөн мэдүүлсэн байна.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй