Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв

2020-12-25 06:47:27

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар мэдээлэл авсан.

Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Г.Ганболд, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. Цар тахлын нөхцөлд эрх мэдэлтнүүдийн дунд авлига нэмэгдэх эрсдэл байгаа талаар олон улсын мэдээ мэдээлэл байгаа талаар Б.Пүрэвдорж гишүүн дурдаад, дотоодын импортын ачаа эргэлтэд ийм эрсдэл үүссэн эсэхийг тодруулж, Шадар сайдаас хариулт мэдээлэл авлаа. Ачаа эргэлтийн гол бүс болох Замын-Үүд дээр дотоодод халдвар тархсанаас үүдэн нөхцөл байдал амаргүй болсон бөгөөд хоёр талын тохироо хийх гэж манай талаас идэвхтэй ажиллаж байгаа гэв. Үүний үндсэн дээр эхний ээлжинд БНХАУ-ын талын шаардлагад нийцүүлэн 18 жолоочийг нэвтрүүлж өдөрт 25-30 машин хилээр нэвтэрч байсан. Энэ хугацаанд гол төлөв сайжруулсан түлшний барьцалдуулагч, эрүүл мэнд, хүнсний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэвтрүүлэх чиглэл өгч байжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн 30, удалгүй 60, үүнийгээ нэмж 70 болгоод өнөөдрөөс 100 хүртэл машинаар ачаа эргэлт хийх боломж бүрдэж байгааг тайлбарлалаа. Хөрш талаас тавьсан шаардлагын дагуу 32 жолооч хилийн цаана 14 хоногийн хөл хорионд байж байгаад, хөдөлгөөнд оролцох эрх нь нээгдэж байгаа, ингэснээр 150 машин ачааг өдөрт татах боломж бүрдэнэ. Өвлийн улиралд дунджаар өдөрт 220 машин ачаа өдөртөө татдаг байсан гэв. Авлигын эрсдэлийн талаар шаардлагатай гэж үзвэл холбогдох газруудаар шалгалт оруулах боломж нээлттэй гэлээ.

Т.Доржханд гишүүн хүүхдийн мөнгө олгох, цахилгаан дулааныг тэглэх хэлбэрээр иргэдийн амьжиргааг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдаад, цаашид ажлын байрыг хадгалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх эсэх, төсөлд энэ чиглэлээр тодорхой зохицуулалт туссан эсэхийг тодруулж, Я.Содбаатар сайдаас хариулт авав. Энэ удаагийн төслөөр хуулийн хэрэгжих хугацааг сунгах, салбар хоорондын уялдааг хангах болон нийслэл, аймгийн хэмжээнд зарим зохицуулалтыг хийх асуудлыг төсөлд тусгасан. Харин эдийн засгийн чиглэлээр, ажлын байрыг хамгаалахтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүдийн боловсруулсан төслүүдэд тусгасан гэдгийг тайлбарлалаа. Зах зээл рүү буюу банкууд бизнесүүд рүү мөнгө гарахгүй байгааг онцгой анхаарах шаардлага байгаа талаар хэд хэдэн гишүүн хэлж, Засгийн газар энэ чиглэлд ажиллах шаардлага байгаа талаар хэлж байсан. Мөн PCR шинжилгээний төхөөрөмжийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

О.Цогтгэрэл гишүүний асуусны дагуу Сангийн сайд хариулахдаа Засгийн газар авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээгээ судалгаанд үндэслэн авч хэрэгжүүлж байгаа, үүний зэрэгцээ тооцоололд үндэслэн ашиг орлого нь буураагүй аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй байхад анхаарч ажилласан гэв.

Х.Булгантуяа гишүүн мэдээллийг нэг сувгаар гарах чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлэв. Улсын онцгой комисс үүнд анхаарал хандуулан ажиллаж байгаа, гишүүний саналыг хүлээн авч буйгаа илэрхийлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.Дараа нь төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Н.Энхболд, Ш.Адьшаа, С.Чинзориг, Т.Доржханд, Ц.Туваан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй