УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Коронавирусын халдварт /КОВИД-19/ цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.
УИХ-ын гишүүн Х.Баделхан Байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгадаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас 2020 ны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Т.Доржханд, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүдийн жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн хүртээмж, эргэн төлөлтийн хувь, хүүг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн хэдэн хувь нь бичил бизнес эрхлэгчдэд хүрч, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэхийг илүүтэй тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батцэцэг гишүүдэд өгсөн хариултдаа, Энэхүү 20 сая ам.долларын 10 сая ам.долларыг нийгмийн даатгалын шимтгэлийн татан төвлөрүүлэлтэд, үлдсэн 10 сая ам.долларын 6,5 сая ам.долларыг арилжааны банкаар дамжуулан 5-10 сая төгрөгийн 10-11 хувийн хүүтэй зээл олгоход, 1400 орчим бичил бизнес эрхлэгчид хамрагдаж, 3-4 мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн судалгаа байна. Мөн 2019 оны хувьд найман тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 600 гаруй бичил бизнес эрхлэгчдэд олгосон бол 2020 онд 10 тэрбум төгрөгийг Хаан банк, Төрийн банкаар дамжуулан олгохоор гэрээ хийсэн бөгөөд зээлийн хүү нь 11 хувьтай байхын зэрэгцээ зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна гэж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
| Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.