УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.
Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсан. Энэ дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар саналаа УИХ-ын дарга танилцуулсан.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлт, УИХ-ын даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Баделхан, С.Чинзориг, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авч, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой саналаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 32 нь буюу 76.2 хувь нь Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.
| Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо | ||
| Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.