Шууд Chart

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ

2026-06-19 07:50:42

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.

Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.

Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.

Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.


Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй