Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа (2026.06.19) Их сургуулийн Спорт албаны дадлага сургалтын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор,бригадын генерал Т.Сүхболд болон ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын удирдлагууд, Олон улсын байгууллагын хүндэт зочид, багш, албан хаагчид, төгсөгчдийн гэр бүлийнхэн оролцлоо.
Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан сүүлчийн “Туяат оройн тооллого”-оо хийж буй ДХИС-ийн төгсөгчдөд баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: “Өнөөдрийн энэ туяат тооллогын үдэш бол эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэх тангарагт албаны эгнээнд шинээр нэгдэж буй залуу үеийнхэнд итгэл хүлээлгэсэн торгон мөч юм.
Аливаа улс, орны хөгжлийн гол хүчин зүйл нь мэргэшсэн чадварлаг боловсон хүчин буюу хүний нөөц байдаг. Тэр ч үүднээс Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, чадварлаг, ёс зүйтэй, мэргэшсэн, хүний эрхийг дээдэлсэн төрийн тусгай албыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна.
Энэ хүрээнд албан хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин, сургалтын тогтолцоог сайжруулах, дэвшилтэт техник, технологид суурилсан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.” хэмээн онцолж, нийт төгсөгчдөд болон эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд халуун баяр хүргэлээ.
ДХИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын хөтөлбөрийг нийт 500 орчим сонсогч оюутан дүүргэж, цагдаа, мөрдөн байцаагч, дотоодын цэрэг, аюулгүй байдал-тусгай бэлтгэлтэй бүлгийн ажилтан, хилчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нийгмийн ажилтан, онцгой байдлын алба хаагч болон улс эх орныхоо төлөө ажиллахаар үүрэг хүлээж байна.
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхээр мордох гэж буй төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн туяат оройн тооллого өндөрлөлөө гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


| ДХИС-ийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” боллоо | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.