Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн болон “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, Хэнтий аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл оролцлоо.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төрөөс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогыг танилцуулж, энэ хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг онцлов.
Ажлын хэсгийн гишүүд түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, түүхий эдийн нөөц, боломжийг үнэлэх ажлыг хэрэгжүүлж сумдын Засаг дарга, мал бэлтгэлийн цэг, махны үйлдвэрүүд, хоршоодын удидрлагууд, малчдын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсны үр дүнд, төр, хувийн хэвшлийн түншлэлээр зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хангайн бүсэд Архангай, хойд бүсэд Хөвсгөл аймагт арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн цэг байгуулахаар болсон юм.
Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулав. Мөн арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх дадлага сургалт зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн бирж, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.

| Чингис хотод анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт боллоо | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.