Шууд Chart

Эмгэнэл

2026-06-19 16:02:02

Бидний хайртай хүү, халамжит хань, түшиг тулгуур болсон аав, ах дүү, төрөл садан, анд нөхдийнхөө эрхэм хүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор (Ph.D) Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд төдийгүй Монголын утга соёл, эрдмийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Дорж-Юндэнгийн Болдхуяг 1977 онд Улаанбаатар хотноо төрсөн бөгөөд эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум, эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул билээ. Тэрээр 1995 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2001 онд МУИС-ийн Улаанбаатарын Их Сургуулийг археологич мэргэжлээр төгссөн. Улмаар 2003 онд магистрын зэрэг хамгаалж, 2009-2013 онд Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцан “Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 

Ажил хөдөлмөрийн гараагаа шинжлэх ухааны байгууллагад эхлүүлж, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Мөн Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвд гадаад мэргэжилтнээр ажиллаж, 2025 оноос Улаанбаатарын Шинжлэх Ухааны коллежийн захирлаар ажиллаж байв. 

Талийгаач нь археологи, түүх, соёлын өвийн судалгааны чиглэлээр “Вааран савны нэр томьёоны асуудалд”, “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл”, “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” зэрэг хамтын бүтээл, “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” зэрэг нэгэн сэдэвт зохиолуудыг туурвин хэвлүүлж, Монголын археологи, түүхийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн байлаа. 

Тэрээр зөвхөн эрдэмтэн, яруу найрагч төдийгүй Монгол хэл, Монгол түүх, Монгол төр ёс, үндэсний өв соёлын үнэ цэнийг гүнээ эрхэмлэн дээдэлж, бүтээл туурвил бүрээрээ монгол хүн байх бахархал, үндэсний ухамсрыг сэрээн бадрааж явсан жинхэнэ эх оронч, үндэсний сэтгэгч байлаа. 

Тэрээр “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Монгол цэрэг”, “Монгол хаад”, “Монгол хатад”, “Тусгаар тогтнол”, “Хотогойд”, “Сартуул”, “Мөнх бусын магтаал” зэрэг бүтээлээрээ монгол үндэстний түүхэн ой санамж, төрт ёсны уламжлал, эх хэл, өв соёлыг яруу тансаг үгээр мөнхөлж, монгол хүний сэтгэл зүрхэнд үндэсний бахархлын гал асааж чадсан билээ. 

Түүний бүтээл туурвил, соёл урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Харин бидний хувьд тэрээр сайхан хүү, халамжит хань, түшигтэй аав, үнэнч анд нөхөр байлаа. Түүний цайлган шулуун зан, алиа хошин мэдрэмж, хүн бүхэнд элэгсэг дотно ханддаг сайхан сэтгэл, хаана ч явсан инээд хөөр, эрч хүч түгээдэг гэгээлэг дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно. 

Ум сайн амгалан болтугай.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд,
ахан дүүс, төрөл төрөгсөд


Эмгэнэл  
Үзсэн: 4 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй