Шууд Chart

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-06-19 14:26:23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.

“Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д энэхүү газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ газар олон жилийн өмнө нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хашсан байдалтай байгаа юм.

Иймээс автомашинд бус хүнд зориулсан хот байгуулах бодлогын хүрээнд нийтийн эдэлбэр газарт авч байна. Бид энэ талбайд иргэд чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөхөд зориулан ногоон байгууламж байгуулж, тохижилтын ажлууд хийнэ.

Тохижилтын ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нягтаршил ихтэй газар орон сууцны хороолол барихгүй гэсэн бодлого барин ажиллаж байна. Цаашид гэр хороололд ногоон байгууламж, хүүхдийн талбай барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэлээ.


Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна  
Үзсэн: 7 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй