Шууд Chart

Н.Учрал: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 33 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2026-06-21 11:29:02

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн (2026.06.20) Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох стратегийн ач холбогдол бүхий энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 33.16 хувьд хүрээд байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцоллоо.

Төслийн талбайд одоогоор 850 инженер, техникийн ажилтан, 273 нэгж машин механизм 24 цагийн ээлжийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа бөгөөд төмөр замын дээд болон доод бүтэц, хоолойн байгууламж, жижиг гүүр, ухмал болон далангийн ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг холбогдох албаныхан төслийн талбайд танилцууллаа.

Хил дамнасан төмөр замын хамгийн чухал байгууламжуудын нэг болох гүүрийн бүтээн байгуулалтын ажил 25.01 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Одоогоор гүүрийн байгууламжид шаардлагатай 2376 ширхэг шон суурь, 74 тулгуур, 282 дам нурууг үйлдвэрлээд байгаа бөгөөд тулгуур, дам нурууны угсралтын ажил эрчимтэй өрнөж байна.

Түүнчлэн төслийн хүрээнд нийт 19 барилга байгууламж баригдахаар төлөвлөгдсөнөөс 11 байгууламжийн суурийн ажил бүрэн дуусжээ. Инженерийн дэд бүтэц, ашиглалт болон технологийн зориулалттай барилга байгууламжуудын бетон цутгалт, төмөр хийцийн угсралтын ажил графикийн дагуу үргэлжилж байгааг инжегер техникийн ажилтнууд хэлж байна.

Уг төслийн үр дүнд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжран, тээвэр логистикийн зардал буурахын зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд ашиглалтад орсноор өргөн царигаар жилд 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэх юм.

Ерөнхий сайд Н.Учрал бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэр төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй хоёр улсын инженер техникийн ажилтнуудад хариуцлагатай сайн ажиллаж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.


Н.Учрал: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 33 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй