Шууд Chart

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-11-06 07:02:13

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар хийсэн танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 29 тусгай сан байгаа бөгөөд эдгээрээс 19 сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, бусад 10 сангийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулснаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Үүнийн нэг нь Тамхины хяналтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм гэдгийг дурдлаа.

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг “Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр бүрдэнэ” гэж, 2 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг “Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан зориулалтаар зарцуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ. Харин төслийн 3 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй