Шууд Chart

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2019-11-06 06:52:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.  Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд: төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх; Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлэх; зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх; өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх; бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьж, ирэх оны төсвийн төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцлов. Мөн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд зарчмын шинжтэй зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг дурдлаа.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг салбарын сайд нар, яамд, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлагууд, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцлоо.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар Сангийн яамны ажлын хэсэг болон яам, агентлагийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авав. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад туссан “Хүүхдийн спортын наадам” гэснийг “Олон улсын залуучуудын ногоон наадам” гэж нэрийг нь өөрчлөх саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн урсгал зардалд дутагдалтай байгаа 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Гоц халдварт өвчний буюу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй