2026 оны 05 дугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4075 толгой мал, амьтныг устгалд хамруулаад байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны А/176 дугаар тушаалаар шүлхий өвчний SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт хийх арга хэмжээг 10 хоногт шуурхай зохион байгуулсан. БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий аймгийн 11 сумын 1.3 сая толгой, Ховд аймгийн 9 сумын 1.2 сая толгой, Говь-Алтай аймгийн 2 сумын 15.6 мянган толгой, Хилийн цэргийн 3 анги, заставын 2.0 мянган толгой буюу нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал сүрэг буюу үхэр, хонь, ямааг дархлаажуулалтад хамруулаад байна.
Вакцины үйлдвэрлэгчийн зааврын дагуу дархлаа тогтцыг хангах зорилгоор 240.3 мянган толгой үхэрт давтан дархлаажуулалтыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна.
Дээрх хариу арга хэмжээний үр дүнд Ховд аймагт 2026 оны 06 дугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт 2026 оны 07 дугаар сарын 08-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн голомтод хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, яаралтай дархлаажуулалтын үр дүнд өвчний тархалтыг тогтоон барьж, шинэ голомт бүртгэгдэхгүй байгаа бөгөөд давтан дархлаажуулалт үргэлжилж байна.
Мөн 2026 оны намрын төлөвлөгөөт дархлаажуулалтад шаардагдах 4.0 сая тун шүлхийн О хэвшлийн вакциныг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд тендерийг 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нээхээр зарлаад байна.
| Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.