Шууд Chart

240 сая жилийн настай аварга хоёр нутагтны араг ясыг сэргээн цэвэрлэж байна

2026-07-22 14:58:14

Польшийн Варшав хот дахь Коперникийн шинжлэх ухааны төвд 240 сая орчим жилийн настай аварга хоёр нутагтны араг ясыг сэргээн цэвэрлэх ажил үргэлжилж байна.

AP агентлагийн мэдээлснээр, уг ажилд 2000 гаруй сайн дурынхан оролцож, чулуулганд шигдсэн ясыг тусгай багаж, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр миллиметр миллиметрээр нь цэвэрлэжээ. Сайн дурынхан хийн цүүц, багс, хамгаалалтын шил ашиглан мэргэжилтнүүдийн хяналтад хоёр цагийн ээлжээр ажилласан байна.

Сэргээн засварлаж буй араг яс нь Мастодонзавр хэмээх эртний аварга хоёр нутагтных аж. Энэ амьтан Дундад Триасын үед буюу хамгийн эртний динозаврууд дэлхий дээр гарч ирж байсан цаг үед амьдарч байжээ. Усанд отож ан хийдэг махчин амьтан байсан бөгөөд загас болон жижиг хоёр нутагтнаар хооллодог байсан гэж эрдэмтэд үздэг.

Эрдэмтдийн мэдээлснээр, Мастодонзавр нь зургаан метр орчим урттай, өргөн хавтгай толгой, урт эрүү, хурц конус хэлбэрийн шүдтэй байжээ. Гадна төрхөөрөө матартай төстэй боловч сээр нуруутны өөр салаа бүлэгт хамаардаг аж.

Уг араг ясыг сэргээн засварлаж дууссаны дараа музейд дэлгэгдсэн хамгийн том Мастодонзаврын араг яс болох төлөвтэй. Польшийн Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэнгийн профессор Томаш Сулейгийн хэлснээр, араг яс нийт 1300 килограмм жинтэй бөгөөд ийм хэмжээний Мастодонзаврын өөр бүрэн араг яс одоогоор мэдэгдээгүй гэнэ.

Уг олдворыг профессор Томаш Сулей болон Варшавын их сургуулийн Геологийн факультетийн судлаач Войцех Павлак нар 2023 онд Польшийн өмнөд нутгаас илрүүлжээ. Эрдэмтэд энэхүү араг ясны биеийн бүтэц өмнө нь мэдэгдэж байсан олдворуудаас ялгаатай тул Мастодонзаврын талаарх шинжлэх ухааны ойлголтыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.


240 сая жилийн настай аварга хоёр нутагтны араг ясыг сэргээн цэвэрлэж байна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй