Зүүн Азийн Олимпын Хороодын Холбоо (EAOC)-ны санаачилгаар Сычуань мужийн спортын хороо, БНХАУ-ын бадминтоны холбоотой хамтран зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын олон улсын бэлтгэл цугларалт БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ.
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү цугларалтад Монгол Улсаа төлөөлөн өсвөр үеийн дөрвөн удаагийн улсын аварга, Хүүхдийн спортын наадмын гурван удаагийн аварга Ү. Өсөх-Ирээдүй, 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга, 2025 оны Хүүхдийн спортын наадмын аварга Ц. Энхлэн болон дасгалжуулагч, спортын мастер Б. Хувьтөгөлдөр нар оролцож байна.
Бэлтгэл сургуулилтыг БНХАУ-ын өсвөрийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ван Юэпин удирдан явуулж байгаа бол туслах ахлах дасгалжуулагчаар өндөр зэрэглэлийн дасгалжуулагч Жан Шаочэнь, дасгалжуулагчаар БНХАУ-ын Сычуань мужийн бадминтоны шигшээ багийн дасгалжуулагч Хэ Пан нар ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөр нь Зүүн Азийн бүс нутгийн спортын хөгжлийг дэмжих, залуу тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ирээдүйн тив, дэлхийн болон олимпын түвшний тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
EAOC энэхүү олон улсын бэлтгэл цугларалтыг өмнөх жилүүдэд ширээний теннисний төрлөөр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд анх удаа бадминтоны төрлийг хамруулан өргөжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн онцлог болж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
| Бадминтоны тамирчид олон улсын цугларалтад оролцож байна | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.