Шууд Chart

Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

2026-07-22 16:26:25

Прокурорын байгууллага 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,249 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,179 хэрэг шинээр нээж, 237 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хахууль өгөх, хахууль авах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 14 хүнд холбогдох 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Авлигын хэргийн мэдээллийг тодруулбал:

- Б.Ц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах зорилгоор улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- А.С нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг шуурхай гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- З.Б нь Төрийн өмчит хувьцаат компаний үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллахдаа тендерт шалгарсан “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н-аас хахууль өгөхийг шаардсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Т.Ц нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн барилга, замын машины инженерээр ажиллах байхдаа “нэр бүхий дөрвөн барилгын компаний барилгыг шалгах улсын комисс үзэх жагсаалтыг урагшлуулж, хурдан дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын төлөө М.О-оор дамжуулан нийт 27,0 сая төгрөгийн,

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Д.О-ын барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахын тулд эрх бүхий байгууллагаар барилгын ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд нийт 29,0 сая төгрөгийн хахууль тус тус авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар,

- О.М, Д.О, Г.Б, Ц.П нар нь “барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулж дүгнэлт гаргуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Хотын стандарт, хяналтын газрын стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Ц-д нийт 29,0 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- А.Б нь аймгийн Засаг даргын тамгын газарт салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн, Геологи уул уурхай газрын тос, хийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа “ЖМФШФ” ХХК-ийн 268 гектар ашиглалтын талбайн хилийг хэтрүүлж, хөрс хуулалт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд БНХАУ-ын иргэн В.Ж-ээс тус компаний хууль ёсны төлөөлөгч Р.Г -ээр дамжуулан 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар,

- Р.Г болон БНХАУ-ын иргэн В.Ж нар нь А.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 20,0 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Бусад хэргийг тоймлон хүргэвэл :

- О.Э, Б.Б нар нь явган замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг зөрчиж насанд хүрээгүй буюу 15 настай М.О, 16 настай Б.Т, Н.Х нарыг туслах ажилтнаар ажилд авч хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсэн, насанд хүрээгүй буюу 15 настай М.О нь зуурмагийн машин цэвэрлэж байхдаа холигчид хэрчигдэн хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад (Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх), 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Г.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг метамфетамин гэх бодисын агууламжтай мөс гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- У.Д нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Б нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 1.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Л.Ж нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хүний хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг хууль бусаар олж авсан, цахим хэрэгсэл ашиглан тараахаар сүрдүүлэх бусдыг эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй