Хүн бүрийн мэдэх болсон ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI компанийн хиймэл оюун ухааны загварууд дотоод туршилтын үеэр өөр хиймэл оюун ухааны компанийн системд нэвтэрсэн “урьд өмнө байгаагүй” кибер хэрэг гарсан талаар тус компани мэдэгдлээ.
Олон улсын нөлөө бүхий хэвлэлүүдэд дурдсанаар, уг үйл явдал нь OpenAI-ийн хиймэл оюун ухааны загваруудын кибер чадавхыг шалгах дотоод үнэлгээний үеэр болсон байна. Туршилтад шинээр гарсан GPT-5.6 Sol болон түүнээс илүү чадавхтай, нийтэд танилцуулаагүй загварыг ашиглажээ. OpenAI-ийн тайлбарласнаар, тус загваруудаар ажилласан автономит агент тусгаарласан туршилтын орчноос интернэтэд холбогдох арга олж, улмаар Хаггинг Фэйс компанийн дэд бүтцэд нэвтэрсэн байна. Загварууд хулгайлагдсан нэвтрэх мэдээлэл болон өмнө нь илрээгүй байсан сул талыг ашиглан серверт хандах зам олсон гэж OpenAI мэдээлжээ.
OpenAI уг явдлыг “урьд өмнө байгаагүй кибер хэрэг” гэж тодорхойлоод, Хаггинг Фэйс компанитай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, мөн цаашдын туршилт, үнэлгээний орчны хамгаалалт, хяналт, нэвтрэх эрхийн зохицуулалтыг чангатгаж байгаагаа мэдэгдсэн байна. Хаггинг Фэйс-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клеман Деланг уг явдлыг “магадгүй анхных нь байж болох” тохиолдол гэж тодорхойлоод, хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлыг нэг компани дангаар, хаалттай орчинд шийдэх боломжгүйг онцолжээ.
АНУ-ын Конгрессын гишүүн Грег Касар уг үйл явдлыг түгшүүр төрүүлж байна гэж үзээд, хиймэл оюун ухааны салбарт хараат бус аюулгүй байдлын шалгалт, кибер хэрэг явдлыг заавал мэдээлэх журам, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатайг мэдэгдсэн байна.
Энэ хэрэг явдал нь хиймэл оюун ухаан хүн шиг сэтгэж чадах эсэхээс илүүтэй, түүний бие даан гаргасан үйлдэлд хэн хяналт тавих, хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултыг дахин хурцаар тавьж байна.
Мөн шинэ үеийн загваруудын чадавх нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, цахим системийн халдашгүй байдалд тулгарах эрсдэл улам өндөр түвшинд хүрч болзошгүйг харуулж байна. Тиймээс хиймэл оюун ухааны хөгжлийн зэрэгцээ түүнийг хянах, хязгаарлах, хариуцлага тооцох засаглалын тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам нэмэгдэж байгаа ажээ.
| OpenAI-ийн AI загварууд туршилтын үеэр өөр компанийн системд нэвтэрчээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.