Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2021-09-29 17:08:31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл сонссон байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар тус хуулийн төслийг танилцуулахаар боллоо.

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

- Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн төрөл, чиглэлийг дахин судалж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөлгүй болгох, цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор эрх зүйн орчныг өөрчлөх ажлын хүрээнд Засгийн газрын байгууллагуудаас олгож буй тусгай зөвшөөрөл, эрх, лиценз, бүртгэлийн нэгдсэн судалгааг гаргаж дуусчээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 5755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй