Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Суреш Бабу шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд МАН ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ.
У.Хүрэлсүх, өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэдгийг онцлоод айлчлалын хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ.
Мөн тэрбээр эдийн засгийн хөгжлийг сэргээх, өсгөх чиглэлд ажиллана гээд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг тодотгоод ноён Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүсэв. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Үүнд хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах түншлэлийн нэг чиглэл болох боломжтой гэдгийг Суреш Бабу хэллээ.
Нарийн мэргэжилтнүүдээ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлээд тус улсын тэтгэлгээр жилд 150 иргэн сургалтад хамрагддаг байсныг Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд суралцагчдын тоог 200 болгон нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.
| У.Хүрэлсүх Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.