Шууд Chart

МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгөө 4k, тоон системд шилжүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо

2026-05-19 19:39:52

МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгөө 4k, тоон системд шилжүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл, Тика Туркын олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр зохицуулах агенталыг Улаанбаатар дахь хөтөлбөр зохицууларч Мустафа Бүтүн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, МҮОНРТ-ийн  ахмад уран бүтээлчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх МҮОНРТ-ийн Архивыг 4k, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр” Эрхэм хүндэт сэтгүүлч, уран бүтээлчид инженер техникийн ажилтнууд, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хүндэт зочид та бүхэн энэ сайхан түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Монголдоо үндэсний түүх өв соёлын сан хөмрөг, тусгаар тогтнолын нэг баталгаа болсон. Үндэсний ой санамжийг хадгалах, монголчууд бидний соёлын биет болон биет бус хосгүй өвийг хамгаалах үйлсэд та бид хамтдаа шинэ түүхийн хуудсыг нээж байгаадаа маш их баяртай байна.

МҮОНРТ 1967 онд анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Монгол Улсын түүх өв соёл улс төр нийгэм эдийн засгийн үйл явдлыг талаар түүхэн дүрс баримтыг Алтан сан хөмрөгтөө хадгалж ирсэн түүхтэй билээ. Монголын ард түмэнд цаашид дэлхий дахинд Монгол Улсын талаар үнэн бодит мэдээ мэдээллээр тогтвортой хангаж, архивын баримтыг бүрдүүлж ирсэн МҮОНРТ нь үндэсний эв нэгдлийг хангах, нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг манай ард түмэн өндрөөр үнэлдэг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа идэвхжин сэргэж, түүхэн тодоор бичигдэж ирсэн өндөр хэмжээний айлчлал амжилттай сайхан хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа. Энэ айлчлалын нэгэн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан.

Үүний нэг нь МҮОНРТ-ийн дуу, дүрсийн сан хөмрөгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх тухай хамтын ажиллагааны протокол байсан юм. 4К, тоон системд шилжсэнээр архивын материалуудыг дуу, дүрсний өндөр чанартай сэргээж, нийтэд үзүүлэх, түгээх, хуваалцах боломж улам өргөжиж байна.

Мөн эх соёл, түүхэн өвөө нандигнан хамгаалж, сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж буй МҮОНРТ, хамтран ажиллаж байгаа Туркийн Соёлын яамны харьяа Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, “Ти Ар Ти” үндэсний телевизийн корпорацын хамт олонд Монголын ард түмний нэрийн өмнөөс чинь сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлж байна.

МҮОНРТ-ийн алтан санд түүх, өв соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын талаарх 150 мянга гаруй бичлэг, 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байна.

Түүхээ хамгаалж, энэ хариуцлагатай албыг  гардан гүйцэтгэж байгаа МҮОНРТ-ийн хамт олон, тэр дундаа Архивын хадгалалт хамгаалалтын  албаны хамт олон, инженер техникийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын хөдөлмөр бүтээлд улам их амжилтыг хүсэн ерөөе. Төрийн ой самнаж, түүх соёлын үйл  баримтыг хадгалан хамгаалж, өнгөрснийг одоотой, одоог ирээдүйтэй холбох үйлс нь  үргэлжилж хөгжин дэвших өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна”гэв.

 

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, ахмад уран бүтээлчид, үе үеийн уран бүтээлчид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл, Тика Туркын олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр зохицуулах агентлаг Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Мустафа Бүтүн, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үе үеийн гишүүд, дарга Монсор болон бусад зочид төлөөлөгчид энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. Өдөр бүхэн шинэ, сайхан байдаг. Өнөөдөр хамгийн сайхан дурсгалтай тэмдэглэлтэй өдөр болж байна. МҮОНРТ Монгол Улс түүхийг 20 дугаар зууны 30 оноос эхэлж гэрэл соронзон долгиор бичиж ирсэн түүхтэй.

Манай архив алтан сан хөмрөг Монгол Улсын дуу дүрсний архивын нэгэн чухал хэсэг болдог бөгөөд Ардын хувьсгалын партизанууд Бумцэнд Самбуу Янжмаа, Цэдэнбал нарын төр нийгмийн зүтгэлтнүүд болон тэдний хэлсэн үг яриа дурсамж, жүжиг кино 1934 онд Зөвлөлт холбоот улсад бичүүлсэн Монголын шинэ үеийн урлагийн дуулж хуурдсан бичлэгүүд, 1912 онд бичүүлж хадгалсан Сүхбаатар жанжны морь баригч, партизаны дурсамж, 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тусгаар тогтнолын санал асуулга, дүн, тэр түүхэн өдөрт зориулсан хийсэн Маршил Чойбалсангийн дуу тэргүүтэй 12 мянган цагийн 16 мянган нэгж соронзон хальс хадгалаастай байгаа.

Монголын радио өдөртөө 17 цагийн эфирийг явуулдаг. Тэгвэл алтан сан хөмрөгөөс 12 мянган цагийн бичлэгийг тасралтгүй явуулбал 705 өдөр буюу бүтэн хоёр жилийн турш архивын программаа хөтөлбөрөө дүүргэж болох юм. Монгол хүн сансарт нисэн гайхамшигтай агшны тухай, ардын хувьсгалын ой баяр наадмууд, алдарт аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин Ж. Мөнхбат, Х. Баянмөнх нарын ид хаваа гайхуулсан барилдаан, цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал зэрэг дахин давтагдашгүй олон үйл явдлуудыг гэрч баримт 18 мянган цагийн ховор хальс бидний архивд хадгалагдаж байна.

Энэ олон мянган цагийн дуу дүрсний фонт нь МҮОНРТ-ийн оюуны өмч төдийгүй. Бид алтан сан хөмрөгийг хадгалах бус эргэлтэд оруулж ард иргэдийн хүртээл болгох , хойш үедээ өвлүүлэн үлдээх чухал юм. Иймээс техник технологийн хурдацтай үед архивыг шинэчилж хамгаалах боломж олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх танд болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Тика Туркын олон улсын Улаанбаатар дахь хамт олондоо баярлаж талархаж байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлж байна” гэдгийг онцлоо.

МҮОНРТ-ийн Архив хадгалалт, хамгаалалтын албаны дарга Ц.Лхагвадаш “МҮОНРТ-ийн түүхэнд шинээр бичигдэж байгаа тод хуудас нээгдэж байна. 95 жилийн түүхтэй Монголын радио, 60 жилийн түүхтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэг мэдээ баримт болон хадгалагдаж байдаг. Биет бус өвийг хойш үедээ өвлүүлэн үлдээхэд дижитал 4k, тоон системд шилжүүлж хадгалах юм. Ерөнхийдөө дөрвөн шатлалтай архивын үйл ажиллагааг явуулж байгаа. Тодруулбал нэг баримтыг дөрвөн хуулбарлаж чанарын сайжруулж хадгалж байгаа. МҮОНРТ-ийн цаашид улам төгс сайхан болно гэж итгэж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа бас нэг архив болж, нэгэн түүхийг бид бичиж байна”гэлээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгөө 4k, тоон системд шилжүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо  
Үзсэн: 9 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй