Шууд Chart

Дээд лигийн 14-р тойргийн тойм… 

2026-05-22 10:24:49

 

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025/26 оны улирлын хаврын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ долоо хоногт 14-р тойргийн хүрээнд эхний 5 байрт бичигдэж байсан багуудын 4 нь хоорондоо таарсан гээд сонирхолтой тоглолтууд боллоо. 

 

“ДЭРЭН” 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД “ХОРОМХОН”-Д ХОЖИГДООГҮЙ

Үндэсний Дээд лигийн 14-р тойргийг нээж “Дэрэн”, “Хоромхон” багууд тоглолоо. Энэ учраанд “Дэрэн” баг 12:0 харьцаатай хожсон нь хоёр багийн хооронд хамгийн олон гоолын зөрүүтэй болсон тоглолт нь боллоо. Өмнө нь 2023 оны лигт “Дэрэн” 10:0 харьцаатай хожиж байсан хамгийн хол зөрүү байв.

Б.Өсөх-Ирээдүй энэ тоглолтод нэг гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгснөөр энэ улирал 20 гоолд шууд оролцсон буюу 12 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгсөн сайн үзүүлэлттэй боллоо. 

“Дэрэн” багийн шинэ наймаа, өнгөрсөн улирлын лигийн мэргэн бууч М.Батхишиг шинэ багийнхаа төлөөх эхний гоолоо бүртгүүллээ. Тэрээр энэ тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн юм. Мөн Ишикава Хиромаса болон солилцоогоор орж ирсэн Кусана Тайго нарын япон тоглогчид тус бүр хеттрик хийж сайн тоглолт үзүүллээ.

Дээд лигийн тэмцээний хүрээнд “Дэрэн”, “Хоромхон” багууд анх 2015 онд тоглож байжээ. Багуудын эхний 3 учраанд “Хоромхон” хожиж байсан бол 2016 оны лигийн 2-р тойргоос хойш буюу сүүлийн 10 жилийн хугацаанд “Дэрэн” баг “Хоромхон”-той нийт 17 удаа тоглохдоо хожигдоогүй гэсэн онцлох үзүүлэлтийг мөн гаргалаа. 

“УЛААНБААТАР” ТЭРГҮҮН БАЙРАА ХАДГАЛЛАА

Дээд лигийн тэмцээнийг тэргүүлэгч “Улаанбаатар” баг хүснэгтийн эхний тавт багтаж байсан чанга өрсөлдөгчдийн нэг “Хантерс” багтай энэ тойрогт тоглолоо. Багийн ахлагч О.Мижиддорж энэ өдөр онцгой сайн байж, 4 гоол оруулан энэ тоглолтын гол баатар боллоо. Тэрээр ийнхүү улиралд нийт 14 гоол оруулсан үзүүлэлттэй болж, лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

“Улаанбаатар” багийн хувьд мөн Дээд лигийн тэмцээний хүрээнд сүүлийн 20 тоглолт хожигдоогүй гэсэн сайн үзүүлэлттэй болж байна. Үүнд өмнөх улирлын сүүлийн 7 тоглолт болон энэ улирлын 13 тоглолтоо багтсан болно. Тэд ийнхүү тэргүүн байраа бататгаж 13 хожил, 35 оноотой боллоо. Ирэх тойргийн хүрээнд хүснэгтийн 3-р байрт жагсаж байгаа “Дэрэн” багтай энэ долоо хоногийн бямба гарагт маш чухал тоглолтыг хийнэ. 

“Хантерс” багийн хувьд сүүлийн 6 тоглолтод нэг л хожигдсон сайн формтой байсан ч тэргүүлэгчдийн эсрэг хүчин мөхсөдөж, улирлын 5 дахь хожигдол нь боллоо. Тэднээс энэ өдөр гарааны 3 тоглогч нь хуудасны улмаас талбайд гараагүй нь асуудал болсон нь мэдээж. Гэхдээ тэд өмнөх тоглолтуудад авсан сайн үр дүнгийн ачаар хүснэгтийн 5-р байраа хадгалсан хэвээр үлдэж байна. 

 

“СТАЛЛИОНС” ОНОО АЛДЛАА

Дээд лигийн хүснэгтийн топ дөрөвт бичигдэж байсан “Централ Сталлионс”, “Хангарьд” багуудын урчаа энэ тойргийн оргил тоглолт байсан. Багуудын тоглолтын эхний үед М.Төгөлдөрийн дамжуулалтаар К.Лукасын гоол оруулж, “Сталлионс” 1:0 харьцаатай тэргүүлсэн. Тус багийн хагас хамгаалалтын шугамны гол тоглогч М.Төгөлдөр ийнхүү энэ улирал 10 гоолын дамжуулалт өгсөн эхний тоглогч боллоо.  

Харин тоглолтын 2-р хагас эхлээд “Хангарьд” булангийн цохилтоос тэнцээний гоолыг оруулж чадсан юм. Энэ удаад З.Тэмүүлэнгийн дамжуулалтаар БНСУ-ын довтлогч Жо Хүбин хаалганд мөргөж, улирлын 5 дахь гоолоо бүртгүүлсэн юм. 

“Централ Сталлионс” баг ийнхүү 10 хожил, 3 тэнцээтэй болсноор 33 оноотой 2-р байрт жагсаж байна. Гоолын зөрүүгээр 1-р байрт жагсаж байсан “Улаанбаатар” баг ингэснээр 2 онооны илүүтэй лигийг тэргүүлж эхэллээ. 

 

“ХҮЛЭГҮҮД” 4 ДЭХ ХОЖЛОО АВЛАА

Дээд лигийн тэмцээний 2-р тойрог эхэлснээс хойш хожил авч чадаагүй байсан “Ховдын Хүлэгүүд”, “Улаангом Сити” багууд энэ тойрогт учраа таарлаа. Тоглолт тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж, 3:2 харьцаатай “Хүлэгүүд”-ийн ялалтаар өндөрлөлөө. 

Эхний гоолыг “Улаангом”-оос Карлос Хавьер оруулсан ч “Хүлэгүүд” араас нь 3 гоол оруулж чадсан юм. Гоолууд Б.Амарсанаа, Н.Өлзийсүрэн, Асахи Нагай нар оруулжээ. Ингэснээр тэд улирлын 4 дэх хожлоо авч, нийт 12 оноотой боллоо. “Ховдын Хүлэгүүд” баг энэ 3 оноог авснаар дээрээ бичигдэж байгаа “Вестерн” багаас 2 онооны дутуу болж ойртож байна. 

  

Дээд лигийн тэмцээний хүснэгт (14 тойргийн дараах байдлаар):

  

Багууд энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд дараагийн тоглолтуудаа хийнэ. Улмаар 6-р сарын FIFA Days буюу ОУХБХ-ны шигшээ багуудын өдрүүдийн үеэр "Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээн зургаадугаар сарын 13-ныг хүртэл завсарлах юм. 

 

Дээд лигийн 15-р тойргийн тоглолтуудын хуваарь:

 

 


Дээд лигийн 14-р тойргийн тойм…   
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй