Шатахууны хангамжтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн зохион байгуулалтын талаар хэлэлцэн шийдвэр гаргаж, олон нийтэд танилцуулахаар болжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр, Монгол Улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ оргил үедээ 70 мянган тонн-д хүрдэг байна.
Наймдугаар сарын нийлүүлэлтийн хүрээнд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянган тонн, бусад нийлүүлэгчдээс 10 мянган тонн, БНХАУ-аас зургаан мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэх захиалгыг баталгаажуулаад байгаа аж.
Мөн БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар төлөвлөсөн нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Түүнчлэн Засгийн газар импортын татан авалт, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, агуулах, түгээлтийн ажлыг уялдуулан зохион байгуулж, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр 24 цагаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд нийлүүлэлт, түгээлтийн явцын мэдээллийг тогтмол, ил тод мэдээлж ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
| Шатахууны нийлүүлэлт, нөөцийн асуудлаар Шуурхай штаб өнөөдөр хуралдана | ||
| Үзсэн: 53 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.