Шууд Chart

КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа

2026-07-31 17:17:54

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзан, хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр  Монгол Улс, БНСУ-ын харилцаа 2021 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээс хойш хөгжлийн хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж, КОЙКА нь нийслэлийн тогтвортой хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

КОЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хот байгуулалт, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, ногоон хөгжил зэрэг нийслэлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгааг онцлов.

2026-2031 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод тогтвортой дөрвөн улирлын хүлэмж байгуулах  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд найман га талбайд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн турш тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн КОЙКА-гийн санхүүжилтээр 2021-2025 онд хэрэгжсэн “Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл амжилттай хэрэгжиж,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулсан Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг цаашид нийслэлийн хэмжээнд малчид, фермерүүд, хоршоодын чадавхыг бэхжүүлэх тогтвортой сургалтын төв болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн 2024-2028 онд 10 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хүүхдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх, сургуулийн орчмын замын хөдөлгөөний зохион байгуулалт, дэд бүтцийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нийслэлийн бусад сургуульд үе шаттайгаар нэвтрүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд КОЙКА болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт Улаанбаатар хотын хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд  иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа   
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй