Шууд Chart

Оманы эрэг орчимд газрын тос асгарч, байгаль орчинд заналхийлж эхэлжээ

2026-08-03 10:06:56

Оманы эргийн ойролцоо гацсан олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу ч тархсан байна. Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Камеруны далбаатай "Каролин Безенги" хэмээх хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригт багтсан бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос газрын тос ачсан нь бүртгэлийн мэдээллээр тогтоогдсон байна. Уг хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарч байсан ч энэ талаар албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Шинжээчдийн тооцоолсноор тус хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний асгаралт үүсвэл Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.


Оманы эрэг орчимд газрын тос асгарч, байгаль орчинд заналхийлж эхэлжээ  
Үзсэн: 36 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй