Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.
Шинэ томилогдсон гишүүд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу өнөөдөр (2026.07.01) тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулж, томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.
| Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.