АНУ-ын Флоридагийн Их Сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч EYLEM OCAL тэргүүлсэн “Neurosurgery Outreach Foundation” сангийн мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс засалч, сэргээн засах эмчилгээний эмч нарын баг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаж, хүүхдийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын чиглэлээр үзлэг, оношилгоо, зөвлөгөө өглөө.

Айлчлалын хүрээнд нийт 30 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг хийж, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, цаашдын хяналт, сэргээн засах эмчилгээний зөвлөмж өгөх зэрэг цогц тусламж үйлчилгээг үзүүлэв. Мөн УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонтой хамтран 7 хүүхдэд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн тус баг ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор мэс заслын толгой тогтоогч , гавлын дотоод даралт хэмжигч болон бусад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлан гардуулсан нь хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулахад бодит хувь нэмэр орууллаа.

Айлчлалын үеэр ЭХЭМҮТ-ийн удирдлагууд болон “Neurosurgery Outreach Foundation” сангийн төлөөлөгчид албан уулзалт хийж, өмнөх хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн хэлэлцлээ. Мөн хүүхдийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, мэдлэг туршлага солилцох, орчин үеийн эмчилгээ, технологийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал солилцов.
| ЭХЭМҮТ-д олон улсын эмч нарын баг ажиллаж, хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг цогц үзүүллээ | ||
| Үзсэн: 2 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.