Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2026.06.29/ Улаанбаатар хотноо эхэлж, гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк болон дотоодын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын өртөг бүхий зургаан төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Мөн Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад төлөөлөгчийн оффисоо нээхээр болсон бол Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гардуулан өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, БНХАУ-ын Далянь хотноо болсон Зуны Давосын уулзалтын үеэр хөрөнгө оруулагчидтай тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжийн талаар санал солилцсон бөгөөд өнөөдрийн уулзалтаар уг асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэж байгааг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс хууль, эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын талаар танилцуулж, энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах бодит үр дүнгээ өгч эхэлж буйг тэмдэглэв.
Энэ үеэр Унгарын OTP банк-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ласло Вольф хэлэхдээ, банк нь Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж бүрдвэл томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна ипотекийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Монголын банкны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, либералчлах чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого нь хөрөнгө оруулалтын боломжийг улам нэмэгдүүлж байгааг онцолж, хэрэгжүүлж буй шинэчлэл, цаашдын реформуудыг олон улсын хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байгааг хэлсэн байна.
Мөн Европын технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийдэг Alpac Capital компанийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш Монгол Улс барууны хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө бүрдүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Түүний хэлснээр, Монгол Улс өмнө нь аялал жуулчлалаараа танигддаг байсан бол өнөөдөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц зах зээл болж, тогтвортой орчин, сайн засаглалын сууриа тууштай бэхжүүлж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэжээ.
Харин “Эдийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Ирмүүн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд итгэлтэй, найдвартай түнш болохыг харуулсан чухал дохио болсныг онцолсон байна.
“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг дэмжих, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэж байна.
| “Unlock the Mongolian Economy” хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 1 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.