Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианог өнөөдөр (2026.07.01) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезиано, хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Нямсайхан, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн Олон улсын хувийн эрх зүйн ахлах багш Б.Тамир нар оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, эрх зүйн зарчмыг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн боловсруулсан гэрээ конвенц эрх зүйн баримт бичиг, судалгааг судлах нь олон улсын сайн туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа дэд сайд уулзалтын эхэнд онцлов.
Мөн дэлхий нийтэд дижитал эдийн засаг, шинэ техник технологи эрчимтэй хөгжиж байгаатай зэрэгцэн дижитал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт улс орнуудын нийтлэг анхаарлын төвд байна.
Монгол Улс 2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн өмчлөл, шилжүүлэг, барьцаа, өвлөх эрх болон хил дамнасан эрх зүйн харилцааг зохицуулах асуудлаар цаашид судалгаа, эрх зүйн хөгжүүлэлт хийх шаардлага байсаар байна. Иймд дижитал хөрөнгө болон хувийн эрх зүйн (Digital Assets and Private Law) чиглэлээр боловсруулсан судалгаа, зарчим, олон улсын сайн туршлагыг судалж, үндэсний хууль тогтоомжийн шинэчлэлд ашиглах сонирхолтой байгаагаа Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианод уламжиллаа.
Уулзалтын хүрээнд талууд олон улсын эрх зүйн баримт бичгийг зөвхөн судлахаас гадна, үндэсний хууль тогтоомжид оновчтой нутагшуулах, практикт үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ хүрээнд УНИДРУА -ийн арга зүйн зөвлөгөө, харьцуулсан эрх зүйн судалгаа, олон улсын сайн туршлага нь Монгол Улсад хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулах талаар нээлттэй санал солилцов.
Мөн хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид, залуу хуульчдын олон улсын хувийн эрх зүйн чиглэлээрх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд УНИДРУА-ийн туршлага, сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд манай улс гишүүнээр 2023 онд элссэн бөгөөд тус онд УНИДРУА -ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игнацио Тирадо Монгол Улсад айлчилснаар хамтын ажиллагаа өргөжсөн билээ.
| Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.