Шууд Chart

Монголын арилжааны 13 банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байгаа гэв

2019-10-24 07:23:25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийх үеэрээ “ФАТФ-ын хяналтаас аль болох богино хугацаанд гарах асуудлыг онцлон ярих нь зүйтэй. 2016 оны 05 дугаар сарын харилцан үнэлгээгээр Монгол Улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь “хангалтгүй”, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ “хангалтгүй” биелэлттэй, “Хар жагсаалт”-д орох хэмжээний эрсдэлтэй байсан” гэлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 16 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын 7 үзүүлэлтийг сайжруулжээ. Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмийн санхүүжилттэй тэмцэх стратегийн дутагдлаа засах, сайжруулах, улмаар эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг хамгийн бага байлгахад Монголбанк, холбогдох бүх байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа эрчимжүүлэхээр чиглэлээр арга хэмжээ авч байгаа аж. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр “Саарал жагсаалт”-аас гарах арга хомс гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолсон байна.

Мөн “Саарал жагсаалт” хэмээн нэрлээд буй энэхүү санхүүгийн үйл явцад орсноор эдийн засгийн ямар нэг хориг арга хэмжээ байхгүй гэдгийг ажлын хэсэг тайлбарласан байна. Монголын арилжааны 13 банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд хаагдах, хязгаарлагдах эрсдэл үүсээгүй гэлээ. Сүүлийн 2-3 жилийн явцыг харахад ам.долларын гүйлгээтэй холбоотой шимтгэл 9000-40000 төгрөгийн хооронд буюу огт өөрчлөгдөөгүй байна. Ирэх онд багтаан ФАТФ-аас тавьж буй 4 асуудлын шууд хэрэгжилттэй холбоотой 6 арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. ФАТФ-ын 40 зөвлөмжийн үр дүнг үнэлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 3 буюу “Хянан шалгагч нар санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарыг шаардлагтай түвшинд эрсдэлээс нь хамааруулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянадаг, зохицуулдаг байх” үйл ажиллагааны хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан гүйцэтгэх аж.

7 буюу “Мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явагддаг болон буруутай этгээдүүдэд үр нөлөөтэй, үйлдсэн зөрчилтэй нь дүйцэхүйц, гэмт хэрэг давтан үйлдэхээс сэргийлсэн хариуцлага хүлээлгэдэг байх” асуудлыг хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаа, 8 буюу “Гэмт хэргээс олсон орлого болон үйлдэхэд ашиглагдсан хэрэгсэл зэргийг хураан авдаг байх” шууд хэрэгжилтийг Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар хангах бол 11 буюу “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд заасны дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой хувь хүн, этгээдүүдийг хөрөнгө цуглуулах, шилжүүлэх, ашиглахаас урьдчилан сэргийлэх” манай улсад ажил хөдөлмөр эрхэлж буй зарим орны иргэдийн асуудалтай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Эдгээр шууд хэрэгжилтийг хангахад тодорхой байгууллагууд биш Засгийн газар удирдан бүх түвшиндээ онцгой анхаарал хандуулах, эрх зүйн орчныг хангахад УИХ-ын оролцоо чухал гэдгийг хэлж байв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болгох, банкны салбар бэхжих суурь болох Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Монголбанкны ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Л.Болд, Б.Баттөмөр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг гишүүд хэлж байлаа.

Нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хариуцсан байгууллага, албан тушаалтан иргэд, олон нийтэд тодорхой мэдээлж байхгүй бол тодорхойгүй сураг таамгаас үүдэн ханшийн савалгаа үүсэх эрсдэл бүрдээд байгааг анхааруулж байв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгууллаа. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Монголын арилжааны 13 банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байгаа гэв  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй