Шууд Chart

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо

2019-10-24 07:11:48

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ, эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлтээс харж болохыг тэмдэглэв. Инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байгааг дурдсан. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулжээ. 2019 оны 09 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн байна. Валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцоллоо. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой хэмээн тэрбээр хэлж байв.

Гадаад өрийн эргэн төлөлт, “Саарал жагсаалт” гэх зэргээр сорилтууд нэлээд тулгарч байна. Энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага манай улсын өмнө тулгарчэээ. Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтынхоо хүрээнд үнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэлээр хийх ажлууд, тэдгээрийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018, 2019 онд сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлогын түвшний оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж буй реформ, гадаад эдийн засгийн харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байсан хэмээн дүгнэжээ. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлж байв. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсчээ. Энэ нь хэрэглээний өсөлтөөр дамжин, эдийн засгийн идэвхжлийг дэмжин иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эерэг нөлөө болж байгаа аж. Хувийн хэвшлийг санхүүжүүлэхэд дотоодын хуримтлал дутагдалтай байсан хэдий ч санхүүгийн салбарын бизнесийн зээл болон гадаад шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгалаар нөхөгдөж байгаа гэв. Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл таатай болоход бодит нөлөө үзүүлсэн байна. Энэ оны 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж. Гадаад худалдаа нэмэгдэж, экспорт түүхэн дээд түвшинд хүрсний зэрэгцээ эдийн засгийн идэвхжилтэй уялдан импортын хэмжээ тэлж байгаа аж. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд нэмэгдсэн хөрөнгө оруулалтын чанартай импорт нь компани, аж ахуйн нэгжүүдийн технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой тул үйлдвэрлэлийн потенцалийг тэлж эдийн засагт бүтээмжийг дээшлүүлснээр ирээдүйн өсөлтийн суурь болно хэмээн танилцуулгадаа Н.Баяртсайхан ерөнхийлөгч дурдсан.

Хэрэглээний импортын хувьд өрхийн орлогын өсөлтөөс гадна хэрэглээний зээл хэт хурдтай өсч байсантай зарим талаараа холбоотой аж. Жижиг, дунд бизнесийн зээл нэмэгдсэн нь энэ оны санхүүгийн зуучлалын гол онцлог байсан гэв.

Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй болж байгаа аж. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7 хувь болж, өнгөрсөн оны эцэст 50 гаруй хувьд хүрч байсан түвшнээсээ буурсан байна. Түүнчлэн бизнесийн болон жижиг, дунд бизнесийн зээл өмнөх оны түвшнээс 51 хувиар өссөн байна. Эдийн засаг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхай төдийгүй бүхий л салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд үргэлжлэх төлөвтэй байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн.

Энэ мэтээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, баталгаажуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал. Иймд Төв банк макро эдийн засаг дахь эерэг үр дүнг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг 2020 онд авч хэрэгжүүлэх аж. Ирэх онд хэрэгжүүлэх бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлууд тусгагдсанаараа онцлогтойг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тэмдэглэв. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл 2020 онд тавигдах юм байна. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам болох аж.


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй