Өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох түүхэн сонголтын өдөр. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Эгэл жирийн иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан энэхүү эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ.
Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүйд хүрнэ. Тиймээс сонгуулийн насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо хамгаас чухал юм.
Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2 040 556 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч, төрийн эрх барих эрхээ эдлээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 09-ний Лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна.
Санал авах байрандаа Та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Таны сонголт тань мэргэн, Монгол түмний төр хүчирхэг, түмэн олон түвшин амгалан байг.....
MNB.MN САЙТЫН РЕДАКЦ
| Өнөөдөр Монгол төрийн тэргүүнийг сонгох түүхэн өдөр | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.