УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 04, 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал нар ажилласан болно.
Байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Эрүүл монгол хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, эрт илрүүлэг сайн хийж байгааг болон хорт хавдар өвчнийг оношлох, эмчлэх талаар Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өөрсдийн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа тухай, хуулийн төсөл нь хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд шаардагдах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байгаа талаар үг хэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулснаар шийдвэрлэх боломжтой гэж Ажлын хэсэг үзсэн тул уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Д.Дамба-Очир, Д.Ганболд, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс Монгол Улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байгаа тул эрт илрүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй. 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу өдөрт 12-15 хүн нас барж, гамшгийн хэмжээнд хүрч байгаад төр засаг онцгойлон анхаарах шаардлагатай. Тиймээс 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвд хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулж, хөрөнгийг улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахын зэрэгцээ цаашлаад эрт илрүүлгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уяж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн төсөлд хорт хавдрын эрт илрүүлэлтийг 40 наснаас гэж заасан шалтаан болон энэ асуудалд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулав.
Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү, хорт хавдраар өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл 40-өөс дээш насныхан эрсдэл бүлэгрүү орж байна гэсэн тайлбарыг мэргэжлийн хүмүүс нь өгсөн тул 2020 оны төсвийн байдлаар 598,6 мянган хүнийг үзлэгт хамруулж, 23.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хариултдаа тодотгосон бол төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир хорт хавдраар өвчлөгсөд насны хувьд залуужиж байгаа тул хуулийн зохицуулалтаа эргэн харах нь зүйтэй гэдгийг хариултдаа онцолж байлаа.
Монголд найман төрлийн хорт хавдарт эрт илрүүлгийн багцыг урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад оруулсан. Асуудлыг үүгээр хязгаарлаж болохгүй гэдэг гишүүдийн байр суурьтай санал нэг байгаагаа Эрүүл мэндийн сайд хариултдаа дурдав. Тэрбээр, нийт хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувийг дөрвөн төрлийн хавдар эзэлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар 36 хувь, ходоодных 15 хувь, уушгиных 9 хувь, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зонхилж байна. Хуулийн төслийн гол зорилго нь 21 аймаг 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношлогооны нэгж байгуулах явдал бөгөөд дэлхийн нийтийн чиг хандлага ч ийм байгаа гэдийг хариултдаа тодотгосон.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, хорт хавдрын хожуу үе шат нь нийт өвчлөгсдийн 80 гаруй хувийг эзэлж байгаа тэнцвэргүй тэмцэлд УИХ-ын гишүүд онцгойлон анхаарч, дэмжиж, орон нутагт эрт илрүүлгийн үзлэг оношлогооны гарааны нэгжийг байгуулж байгаа нь түүхэн гавьяа гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр, эрт илрүүлгийн үзлэг оношлогоог явуулснаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал төдий чинээ нэмэгдэх тул эмнэлгийн өргөтгөл, үйл ажиллагааг сайжруулахад цаашид анхаарч ажиллахыг онцгойлон хүсч байлаа.
Ингээд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
| Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
| Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.