Шууд Chart

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

2026-06-23 12:29:35

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын "Ховор амьтны жагсаалт"-д бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайн гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн харъяат иргэн "Ц" нь галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон байдаг.

Амьтны тухай хууль болон холбогдох журмын дагуу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтэнийг худалдах, худалдан авах, тээвэрлэхийг хуулиар хатуу хориглодог. Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хууль бусаар ховор амьтныг агнасан, барьсан, зориуд тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.


Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй