Шууд Chart

Сүхбаатар аймагт хэрэгжих автозамын төслийн барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүллээ

2026-06-22 17:56:24

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.22) Сүхбаатар аймгийн Асгат сум, Бичигтийн боомтод албан томилолтоор ажиллаж, “Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга байгалийн цогцолбор газар хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл буюу зүүн бүс төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс", "Эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болгон хөгжүүлэх зорилтыг тусгасан. Уг бодлогын хүрээнд Бичигт боомтын төв замаас Дарьганга байгалийн цогцолбор газар хүртэлх нийт 136.9 км хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхний ээлжийн 34.95 км авто замыг 2026-2027 онд барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төслийн эхлэл болох энэ автозам нь Баруун-Урт, Бичигт чиглэлийн А2002 дугаар улсын чанартай автозамын 111.3 дахь км буюу “Улаан хужирын нуруу”-ны баруун хойд хэсгээс эхэлж, Шилийн Богд уулын орчим хүртэл үргэлжлэх юм.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд уг төслийн санхүүжилтэд нийт 14.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд барилга угсралтын ажлын тендерийг хоёр багц болгон зарлаж, гүйцэтгэгчээр нь “Өвөр Монголын зам гүүр групп” ХХК шалгарсан байна.

Сүхбаатар аймаг нь гадаад дотоодын жуулчид ихээр зорьж ирдэг Алтан-Овоо, Шилийн Богд, Монголын хүн чулуун хөшөө, Таван толгойн археологийн цогцолбор, Ганга нуур, Оргихын булаг, Егүзэрийн хийд зэрэг түүх, соёл, байгалийн хосгүй өв бүхий аялал жуулчлалын томоохон нөөцтэй бүс нутаг.

Тиймээс энэ зам ашиглалтад орсноор Баруун-Урт, Бичигт чиглэлийн улсын чанартай авто зам болон олон улсын CAREC-4С тээврийн коридортой холбогдож, Бичигт-Зүүнхатавч боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, зорчигч болон ачаа тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг албаныхан онцоллоо.


Сүхбаатар аймагт хэрэгжих автозамын төслийн барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүллээ  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй