Шууд Chart

Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг шийдвэрлэв

2019-10-11 06:41:02

УИХ-ын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Д.Цогтбаатар сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Цогзолмаа гишүүн тус тус танилцуулсан.

Бүгд Найрамдах Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж бий хэмээн үзжээ. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг төслийн танилцуулгад дурдсан юм. Бүгд Найрамдах Беларусь Улсад Монгол Улс Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Гадаад харилцааны сайд мэдээлсэн. Минск хот дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, О.Батнасан, О.Баасанхүү, Б.Баттөмөр асуулт асууж, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нар байр сууриа илэрхийлсэн.

Европоос Монгол Улсад хийгдэж буй нийт худалдааны 90 орчим хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын боомтуудаар дамждаг бөгөөд өнөөдрийн байдлаар Минск дэх гааль дээр ломбо тавиагүй улмаас манай улс руу ачигдах 20-иод тэрбум төгрөгийн бараа гацчихсан. Монголын импортлогч, худалдаа эрхлэгчдэд хохирол учрах эрсдэл үүсээд байгааг Д.Цогтбаатар танилцуулаад “Ийм асуудлыг цаашид гаргахгүй, холбогдох асуудлыг тухай бүр шийдээд явах нь Монголын татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэд үр ашигтай гэж тооцож байна. Гурван хүн ажиллах хэдий ч транзит тээвэрт хамгийн чухал зангилаа цэг болох Брестийн боомт дахь асуудлуудыг шийдвэрлэх юм” гэлээ. Мөн тэрбээр Б.Баттөмөр гишүүний тодруулсны дагуу Гадаад харилцааны яамнаас ажилтнууд, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаад худалдааны бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хариулт өглөө. Ц.Мөнх-Оргил гишүүн Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв


Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг шийдвэрлэв  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй