Шууд Chart

Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ

2019-10-11 06:34:44

УИХ-ын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан юм. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлддэг байна. Аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид улам өсөх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Түүнчлэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар дамжиж Манжуурт зорчиж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэж үзжээ. БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээн ажиллуулснаар тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно гэлээ. Манжуур хот дахь Консулын газрыг 3 орон тоотойгоор байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав. Байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцсэн байна. Энэ үед УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Я.Санжмятав нар Монгол Улсыг төлөөлж хилийн чанадад ажиллаж байгаад хаагдсан, түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон зарим Дипломат төлөөлөгчийн газрын цаашдын төлөв, нөхцөл байдлын талаар, гадаадын зарим улс орнуудад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд нарыг томилохгүй удах нь Монгол Улсын гадаад харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болох тул Элчин сайд нарыг томилох асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагын талаар санал хэлсэн гэлээ. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Гадаад харилцааны сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Консулын газрыг байгуулахтай холбоотой зардлыг энэ оны улсын төсөвт суулгасан байгаа хэдий ч Улсын Их Хурлаар өнөөдөр шийдвэр гаргаж байгаа, төсөв нь гүйцэтгэлгүй гэдэг үндэслэлээр холбогдох хөрөнгө, мөнгийг Сангийн яам буцаан татах эсэхийг тодруулж байв. Түүнчлэн Монгол Улсын иргэд Манжуур хот руу аялаж байгаа шиг хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг судлах саналыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа нар хэлж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явуулав. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжив. Ийнхүү Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр батлагдан, тогтоолын эцсийн найруулгыг УИХ-ын дарга уншиж танилцуулсан юм.  


Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй