УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.10) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг нийт 7 сая еврогийн зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Уг зээлийн жилийн хүү 2 хувь, хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх юм байна. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. Энэ сарын 08-ны өдөр тус Байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дээд боловсролын системд жишиг болохуйц энэхүү сургуулийн үйл ажиллагааг цогц явуулахад хоёр улсын Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж буйг тэмдэглэн хэлсэн. Төслийн хэрэгжилтийг үр ашигтай болгож, олон улсын түвшинд хүрэхүйц сургуулийн хотхонтой болгоход тал бүрээс анхаарч ажиллах ёстойг сануулж байв.
Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь дэмжснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотооддоо бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хууль батлагдав.
Дараа нь Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байгаа аж. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн хэрэгжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, II үе шатыг 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцон юм. Уг төслийн III үе шатыг 8 сая еврогоор санхүүжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр шийдвэрлэсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Энэ дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан аж.
Төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонх дээрх санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан.
Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар асуулт асууж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хариулт авсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Иймд Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдаж, УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таницуулав. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон ч одоогоор хоёр төсөл хэрэгжиж байгаа гэв. Тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Батлагдсан төслүүдийг хэрэгжүүлж дуусгахын тулд хэлэлцээрийн хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах, мөн төсөл хэрэгжих тэргүүлэх салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэх үүднээс хэлэлцээрт нэмэлт оруулах хавсралтыг байгуулаад байгаа аж. Уг хавсралт нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаас заавал соёрхон батлуулах олон улсын гэрээ болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдсан. Уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.
Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Амарзаяа нар асуулт асууж Сангийн сайдаас зарим зүйлийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 71.4 хувь нь дэмжив. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хууль батлагдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.
| Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа | ||
| Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.